Зуун ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орлоо
2015.08.31

Зуун ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орлоо

Албан тушаалтнууд хүсвэл хүүхдийн эмнэлэг байгуулж чадахыг Баянгол дүүргийн жишээнээс харж болно.

Тус дүүрэг 2013 он хүртэл 60-70 мянган хүүхдийн эмчилгээг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт даатгасаар иржээ. Хэн, хэндээ түвэгтэй энэ ажил 2013 оны тавдугаар сарын 31-нд 35 хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулснаар төгсгел болсон байдаг.

Сүүлийн 30 шахам жил Монголд хүүхдийн эмнэлэг баригдаагүй юм байна. Харин баянголчуудад дахин дуулгах баяртай мэдээ өчигдөр түгэв. Удахгүй иргэдийн нэрлэж заншсанаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг өөрчлөн байгуулж 100 ортой хүүхдийн эмнэлэг ажиллах нөхцөл бүрдэх юм байна. Хүүхдийн эмнэлэг есдүгээр сардаа багтаж ашиглалтад орох аж.

Нисэхийн 400 ортой хүүхдийн эмнэлгийн балгас болсон байшинд 13 тэрбум төгрөг "булсан" бөгөөд

дуусгахад 20 шахам тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэдээ дуулддаг. Энэ нь нэг оронд оруулах хөрөнгө 80 орчим сая төгрөг гэсэн үг. Харин Баянгол дүүрэгт олон жил ашигласан байшинд менежмент хийгээд нэг оронд гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүүргийнхээ хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийлүүлж байгаа ба хамгийн сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүн аж. Зуун ортой эмнэлэг ашиглалтад орсноор 70 гаруй ажлын байр шинээр бий болно. Их эмчийн хангамж үндсэндээ шийдэгдсэн Харин сувилагчийн хувьд тариа хийхдээ ганц хатгаад хүүхдийн судас олдог өндөр  мэргэжлийн сувилагч ховор байгаа гэнэ.

Эмнэлгийн өөрчлөлт  байгуулалттай танилцсан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлж буйгаар бол хүүхдийн эмнэлгийн асуудлыг нааштай шийдэж байгаа ч, түүнээ дутуугүй асуудал нь өрхийн эмнэлгүүдийн ачаалал Цаашдаа энэ чиглэлд шургуу ажиллах аж.