Тэтгэврийн доод хэмжээг 35 мянгаар нэмэгдүүлсэн
2012.03.14

Тэтгэврийн доод хэмжээг 35 мянгаар нэмэгдүүлсэн

Өнгөрөгч 5-10 ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан билээ. Энэ хугацаанд ямар үр дүн гарсан талаар. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очир болон УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

 

Энэ чуулганаар баталгаажин гарсан шийдвэрээс төрийн албан хаагчид, тэтгэврийн насныхны хүлээж байсан цалин, тэтгэврийн нэмэлт байлаа. Ингэж цалин тэтгэвэр нэмэхийн тулд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд тэтгэвэр тэтгэмжийн хувьд тэтгэврийн доод хэмжээ 105 мянган төгрөг байгаа бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс 35 мянган төгрөгөөр ирэх тавдугаар сарын нэгнээс 23 хувиар  нэмэгдэж, дундаж тэтгэвэр 180-190 мянган  төгрөг болно  гэж тооцоолсон байна. Ингээд  үүнд шаардлагатай 67 орчим тэрбум төгрөгийг Монгол Улсын 2012 оны төсөвт тусгасан байна. Төрийн албан хаагчдын цалинг ч мөн хоёрдугаар сарын нэгнээс нэмсэн хэмээн тооцож 80 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болсон байна.

 

Мөн чуулганаар Монгол Улсын Шүүхийн болон Шүүгчийн эрх зүйн байдлын, Хуульчийн эрх зүйн байдлын тухай бие даасан хуулиудыг баталснаар хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага хүлээлгэх зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан байна. Энэ хууль батлагдсанаар хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага чадавхижиж, бие даан үйл ажиллагаа явуулах болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн стандартыг бий болгож, хууль зүйн боловсрол,  хуульчийн  шалгалт, үргэлжилсэн сургалт, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ зэрэг уялдаа бүхий нэгдсэн тогтолцоонд орж байгаагаараа онцлог аж.

 

Гэсэн хэдий ч ээлжит бус чуулганыг хуралдуулах гол шалтгаан болж байсан орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг баталж чадалгүй байсаар хаврын чуулганд шилжүүлснээ ч мөн хүлээн зөвшөөрлөө. Уг хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах төлөвтэй байна. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд хуучин байр суурин дээр байгаагаа ч энэ үеэр дуулгасан ба гишүүн Д.Балдан-Очир "Үндсэн хуульд орон нутгийн удирдлагуудын бүрэн эрхийг хугацаа дөрвөн жил байх ёстой. Гэтэл зургаадугаар сард УИХ-ын сонгуультай зэрэг явуулна гэхээр бүрэн эрхийн хугацаа нь 3,5 жил болчихоод байгаа юм. Тэгээд ч нэг нь төрийн эрх барих, нөгөө нь цэвэр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул хоорондоо зарчмын ялгаатай" гэв.

МАН-ын бүлгээс Ардчилсан намынханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулга явуулах тухай санал тавиад байгаа бөгөөд үүнийг нь хуулийг боловсронгуй болгох гэх зарчмын үндсэн дээр ярилцаж байгаа гэнэ.

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан тэтгэврийн зөрүүг арилгахаар хуульд өөрчлөлт оруулсан талаараа хэвлэлийн хурлын үеэр онцолж байсан ба "Хууль гарснаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 80 гаруй мянган ахмад, 1995 оноос хойш гарсан ч 1995 оны цалингийн жишгээр тэтгэврээ тогтоолгосон 80 гаруй мянга, нийт 163 мянган иргэний тэтгэврийн зөрүүний асуудал шийдэгдсэн. Энэ хуулийг тавдугаар сарын 1-нээс мөрдөнө. Цаашдаа жил бүр Засгийн газраас тэтгэврийн хэмжээг индексжүүлэх байдлаар явж нэлээн хэдэн жил үргэлжлэх юм. Мөн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулан, тэтгэврийг цалингийн 60 хувиар тогтоодог байсныг 80 хувь болгож нэмэгдүүлсэн гэв. Түүнчлэн ажил хийгээгүй ч юм уу, аль эсвэл ажил хийж байсан ч Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэдэг үндэслэлээр тэтгэврээ тогтоолгож чаддаггүй олон иргэдийн асуудлыг зохицуулсан гэ/гэгт анхаарал хандуулахыг хүсээд "Тэтгэвэрт гарч чадахгүй байгаа олон иргэн бий. Халамжийн хууль ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжихээр тэдгээр иргэд халамжийн тэтгэмж зохих хэмжээгээр авах эрхтэй болно. Эмэгтэйчүүдийн хувьд 55 нас хүрсэн, эрэгтэй нь 60 нас хүрсэн. Ажил хийлгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй боловч халамжийн тэтгэмж авна гэж ойлгож болно" хэмээсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.