Монгол улс соёлынхоо салбарт төсвийн шавхрууг хувиарладаг
Монголын байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар
2015.04.29

Монгол улс соёлынхоо салбарт төсвийн шавхрууг хувиарладаг

Монголын байгалийн түүхийн музей 2013 оны тавдугаар сард музейн барилга олон хүн ирсэн тохиолдолд аюултай гэж үзээд үйл ажиллагаа нь зогссон. Одоогоор музейн үзмэрүүдийг мэргэжлийн фондод хадгалж байна. Байгалийн түүхийн музейн цаашдын хөгжил, аялал жуулчлалын салбарт музейн гүйцэтгэх үүргийн талаар тус музейн захирал Н.Зоригтбаатартай ярилцлаа.

- Байгалийн түүхийн музейн хувь заяа хаашаа эргэх гээд байна вэ?

Музейн шинэ барилга эрт орой хэзээ нэгэн цагт ашиглалтад орно. Түүнээс өмнө бид 11 000 орчим үзмэрийнхээ 30 хувийг шинэчлэх шаардлагатай.  Муудсан чихмэлүүдээ шинэчилнэ, хөдөө явж шаардлагатай амьтнаа агнана, ашигт малтмалын дээжсүүдээ цуглуулна, эрвээхэй, шавьж, ургамлаа цуглуулж хатаана гэх мэт хийх ажил их байна.

Шинэ барилгын хувьд 10 гаруй хоногийн өмнө Засгийн газраас концессийн гэрээгээр барина гэж шийдсэн. Барилгын зураг төсөл нь гарчихсан, газар нь шийдэгдсэн, зөвшөөрлийг нь авчихсан. 24 тэрбум төгрөгөөр барина. Үүнээс 930 орчим сая төгрөгөөр буулгана, 400 сая төгрөгөөр зургийг нь зуруулсан. Гацаад байгаа ганцхан зүйл бол мөнгө. Ц.Оюунгэрэлийг сайд байхад бид 15 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулах гээд чадаагүй. Тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн яамнаас манай төслийг хассан. Гэтэл Засгийн газар огцорч хоёр яам хоёулаа алга болчихсон. Удалгүй би Л.Гантөмөр сайдад хоёр ч удаа албан бичиг явуулж музейн барилгын хөрөнгийг ямар нэг байдлаар шийдээч, бага багаар ч болтугай 2016 оны төсвөөс эхлээд суулгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. БСШУ-ы яамны албаны хүмүүстэй уулзсан. Гэхдээ Байгалийн түүхийн музейн барилга нь соёлын салбарт одоогоор хамгийн өндөр өртөгтэй учраас тэр их хэмжээний мөнгийг тэр дор нь шийдэхэд хэцүү байна. Тиймээс Засгийн газар, УИХ эдийн засаг хүнд үед нэг музей барьснаас хэд хэдэн сургууль барьсан нь дээр гэж үздэг бололтой.

Байгалийн түүхийн музейн шинэ барилгад 24 тэрбум төгрөг шаардлагатай.

Энэ тавдугаар сард музейн шинэ барилга нь концессийн гэрээгээр барих барилгын жагсаалтад албан ёсоор орно. Одоогоор Засгийн Газрын хувьд энэ барилгыг барьж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ болоогүй. Аж үйлдвэрийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн хорооноос санал авна. 

Концессийн гэрээгээр хэд хэдэн хувилбараар барьж болно. Нэгдүгээрт аль нэгэн хувийн компани өөрийн хөрөнгөөр барьсан тохиолдолд дараа нь төрөөс мөнгөө авах хувилбар байна. Гэвч эдийн засаг ийм байхад тийм үнэтэй барилгыг барьчихаад төр хэзээ мөнгийг маань өгөх бол гээд хүлээгээд суух компани олдох уу гэдэг тун эргэлзээтэй.

Хоёрдугаарт Концессийн хуулийн дагуу, өөрийн хөрөнгөөр барьсан компани дээд тал нь 25 жилийн хугацаанд ашгаа хийчихээд улсад буцаагаад өгч болно. Энэ мэт олон хувилбар байна. Бид музейн барилгыг 7 давхар барихаар болсон. Хэрэв хувийн компани өөрийн хөрөнгөөр баривал 7 биш 20 давхар барилга бариад 13 давхрыг өөртөө ашиглаж болно гэсэн хувилбар ч яаман дээр яригдсан. 

Газар хөдлөлтийн ердөө 3-хан баллыг тэсч чадахгүй, олон хүний амь эрсдэх аюултай гэж үзээд цаашид уг барилгыг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан.

Гэхдээ нэг зүйлд бий их санаа зовж байна. 2016 онд сонгууль болно. Нөгөө гишүүд чинь музейд биш өөртөө ашигтай гэсэн тойрог луу мөнгө татах гэж үзнэ. 2017 оноос Монгол улс Чингис бондын өрийг төлж эхэлнэ. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалт чинь улам хүндэрнэ. Тиймээс хэн л дэмжинэ, түүнд хандана гэж бодож байна. Аль ч хувилбарыг сонгоход бид бэлэн байна.

- Шинэ музей ямархуу байдлаар ажиллах вэ? Ямар менежменттэй байх вэ?

Өмнөхөөсөө их өөр болно. Жуулчдыг олноор татаж мөнгө олохын зэрэгцээ тэдэндээ дээд зэргээр үйлчилдэг музей болно гэсэн зорилт тавьсан. Тиймээс бид барилгын зураг төслөө гаргахаас өмнө музейнхаа бодлого, концепцийг боловсруулсан. Үүн дээр манай эрдэмтэд жил ажилласан. Солонгосчуудаас олон зүйл дээр туршлага судалсан. 

Шинэ барилга дотроо энгийн болон 4D кино театртай, олон үндэсний хоолны газартай байна.

Шинэ барилга одоогийнхоос 3 дахин том байна. Музейн захиргааны хувьд орлого нь 3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ирсэн жуулчин музейгаа үзэхээс гадна мэдлэг, мэдээллийг бүрэн авдаг, хүссэнээрээ амардаг, олон үндэстний хоолны газарт өөрсдийн дуртай үндэснийхээ хоолоор үйлчлүүлдэг, худалдан авалт хийдэг тийм л музей болгохыг зорьж байна. Шинэ барилга дотроо энгийн болон 4D кино театртай, олон үндэсний хоолны газартай, хурлын заал, номын сан, бэлэг дурсгалын дэлгүүртэй байна. Түүнээс гадна одоо байгаа 7 чиглэлийн үзмэр дээрээ нэмээд 4 чиглэлийн шинэ үзмэрийг гаргаж ирнэ. Тухайлбал Монгол орны байгалийн гайхамшгуудыг макетаар дэлгэж үзүүлнэ. Оюутолгой, Таван толгойг ч бас бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулга нь ажиллаж байгаа байдлаар макеталж харуулна.

7 давхар, 15 000 м/кв талбайтай шинэ музей бий болсноор Ази тивийн хамгийн том байгалийн түүхийн музей болно. Тиймдээ ч бид нэг мөсөн дорвитойхон зүйл хийе гэж бодож байгаа.

- Хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ?

Шинэчлэлийн Засгийн Газар байгуулагдахаас өмнөхөн хувийн компаниуд манай музей дотор бүтээгдэхүүнээ зардаг байсныг болиулсан. Ингэснээр зөвхөн тухайн музей өөрт хамаатай зүйлсээ борлуулдаг болсон. Шинэ байранд орох үед ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Ер нь бидний хувьд үнэхээр гарын уртай хүмүүс ирвэл юмаа зарах боломж олгож болно гэж бодож байгаа. Ялангуяа кино театр ажиллуулах, хурал цуглаан хийх тал дээр хувийн хэвшлийнхэнтэй хамтарна. 

Бид дэлхийн 12 орны Байгалийн түүхийн музейтай хамтын ажиллагааны гэрээтэй. Харилцан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, судалгааны ажлууд хийдэг. Бид хүмүүсээ гадагш нь явуулж сургадаг.

Бид шинэ музейтай болчихоороо гадаадын том том үзэсгэлэнг Монголдоо зохион байгуулна гэж бодож байгаа. Нэг удаа би Хятадын байгалийн түүхийн музейтай гэрээ байгуулаад үлэг гүрвэлийнхээ ясыг халимны ясаар сольж түрээслэе гэсэн ч бүтээгүй. Учир нь палентологийн олдворыг гадагш гаргахад заавал Засгийн Газрын хуралдааны шийдвэр хэрэгтэй.  Ер нь бид Африкийн орнуудын музейтай хамтраад байгаа юмаараа тэндээс анааш, зааны ясыг нь авчирч үзэсгэлэн гаргаж болно шүү дээ. Бүх юмаа хав дараад суугаад байж болохгүй. 

Одоогоор бид дотоодынхоо музейнуудтай үзмэрээ солилцож хамтарч ажиллаж байна. Зайсанд байдаг Цэнгэг усны төв дээр манай хэдэн үзмэр бий. Саяхан Хүннү Молл биднээс чихмэлүүдээ түрээслүүлээч гэсэн хүсэлт тавьсан.

Ер нь улсын гэлтгүй хувийн музейнуудыг ч сайн дэмжих хэрэгтэй. 2 мянга гаруйхан кв/км талбайтай Солонгосын Чежү арал дээр л гэхэд 43 музей ажилладагаас 42 нь хувийн музей.

- Музейнуудын хувьд жуулчдад зориулсан үйлчилгээнийхээ чанарыг яаж сайжруулах хэрэгтэй вэ?

Жуулчин болгон өөрийн гэсэн сонирхлыг өвөрлөж ирдэг. Тухайлбал зөвхөн эрвээхэй сонирхдог жуулчин байдаг. Солонгосоос Монголын эрвээхэйг харах гээд 100 оюутан ирж байх жишээтэй. Зөвхөн шувуу, тэр дотроо зөвхөн махчин шувуу сонирхох гээд ирж байгаа жуулчид ч байна. Тиймээс жуулчин болгон бүх үзмэрийг үздэг гэвэл худлаа. Ц.Оюунгэрэл сайд байхдаа шувуу сонирхогчдын аялалыг зохион байгуулъя гэж байсан нь дэмий зүйл биш.

Музейнуудыг хөгжүүлэхийн тулд олсон орлогыг нь өөрсдөд нь өгөх хэрэгтэй.

Европ, Азийн жуулчид хоорондоо ялгаатай. Европчууд хөтчийн тайлбарыг сонсох дуртай, харин Азийнхан өөр өөрийн чиглэлээр үзмэрээ сонирхоод явчихдаг. Эдгээр онцлогийг юун түрүүнд харгалзах хэрэгтэй гэж бодож байна. 

Түүнээс гадна жуулчид голдуу үүргэвчтэй явдаг учраас бэлэн дурсгалын зүйлээс аль хөнгөнийг нь авахыг хүсдэг. Гэтэл манайхан эсгий таавчигаа шахах гээд байдаг.

- Музейн тухай хууль юу болж байна вэ?

Одоогоор музейн тухай хуулийг боловсруулж байгаа. Би нэг л зүйлийг дахин дахин хэлдэг. Монголын музейнууд баялаг үзмэртэй мөртөө өдий болтол яагаад сэргэхгүй, навсайсан хэвээр байна вэ? Яагаад гэвэл мөнгөгүй. Яагаад мөнгөгүй байна гэвэл Монгол улс соёлынхоо салбарт төсвийнхөө шавхрууг хувиарладаг. Музейнууд өөрсдийгөө хөгжүүлж, байр саваа засч, шинэ үзмэр худалдаж авч, орчин үеийн тоног төхөөрөмж тавьж, хүмүүсээ сургаж чадахгүй байна.  Соёлд хангалттай мөнгө өгдөг цагийг хүлээнэ гэвэл нас гүйцэхгүй. Тиймээс үүнээс гарах ганц гарц бол музейн олсон орлогыг захиран зарцуулах эрхийг музейн захиргаанд өгөх. Тэгээд л болоо. Өөрөөр хэлбэл музейнууд зах зээлийнхээ зарчмаар хөгжих боломжийг нь олгох хэрэгтэй.  Өнөөдөр олсон бүх орлогыг төсөв рүү оруулчихдаг.  Хятад, Солонгосын музейнууд урсгал зардлаа улсаас аваад орлогоо өөрсдөө мэдэж зарцуулдаг. Хэрэв музей өөрийн санхүүг хариуцдаг болчихвол илүү олон үйлчлүүлэгч татахын тулд илүү гоё үйлчилгээтэй болж таарна биз дээ?