“Монгол ахуй хүүхдүүдийн мэдэхгүй сэдэв болсон”
Монгол ахуй...
2015.04.27

“Монгол ахуй хүүхдүүдийн мэдэхгүй сэдэв болсон”

БСШУ-ы сайд Л.Гантөмөр 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдар, нийгмийн харилцаа, оюун ухааныг хөгжүүлэх бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх журам баталсан.

Ирэх есдүгээр сараас хэрэгжих тус хөтөлбөрт хэрхэн бэлтгэж байгааг харуулахаар нийслэлийн Боловсролын газраас өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн зургаан цэцэрлэгт үзүүлэх сургалт зохион байгуулав. Тус дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт “Үсчин”, “1000 нэрийн бараа”, ‘Танин мэдэхүй” гэсэн өртөө байгуулжээ. Тэдгээр өртөө нь хүүхдүүдийг нийгмийн харилцаанд бэлтгэх зорилготой аж. ‘Танин мэдэхүй” өртөөнд монгол гэр, үхэр, малын хашааг баримлын шавраар хийсэн байв.

Бэлтгэл ангийн багш Д.Бямбацэдэн “Монгол ахуй хүүхдүүдийн мэдэхгүй сэдэв болсон. Хөдөө амьдардаг садантай хүүхэд цөөн учраас цэцэрлэгт л үүнийг заах хэрэгтэй” гэв. Түүнчлэн эцэг эхийн зөвлөлийн гишүүд шатар, даамны дугуйлан нээсэн байна. Ингэснээр тус ангийн бүх хүүхэд даам тоглож сурсан бөгөөд 10 хүүхэд нь шатар нүүж чаддаг болжээ. Өртөө бүрт жижүүр хуваарилсан учраас хүүхдүүд хариуцлага хүлээж сурсан гэдгийг багш нар нь хэлж байлаа. Тэд өдөр бүр ээлжлэн жижүүр хийж, хариуцсан өртөөнийхөө тоглоомыг цэгцэлж, орчныг цэвэрлэдэг юм байна.