Манай 5600 цэрэг эр энхийг сахиулжээ
2012.03.27

Манай 5600 цэрэг эр энхийг сахиулжээ

Монголын цэрэг эрс дэлхийн орнуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцсоор арван он улирав.Энэ хугацаанд 5641 офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн дэлхийд Монголын нэрийг дуурсгажээ.Монгол Улс, Энхийн дэмжих ажиллагаанд цэргийн багаа оролцуулж байгаа нь НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ идэвхитэй биелүүлж, олон улсын энхийг тогтоох үйл явцад хувь нэмрээ оруулан, төрийн гадаад бодлогын энхийг эрхэмлэсэн зорилтыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтойг генералууд онцолж байна.

Сьерра Леон дахь энхийг сахиулах ажиллагаа


Либери Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих "UNMIL" ажиллагааны хэсэг болох Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цэргийн баг 2005 оны сүүлээр Сьерра Леон Улсад 250 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Уг ажиллагааны онцлогоос шалтгаалан 2010 онд цэргийн багийн бүрэлдэхүүний тоог бууруулж 150 цэргийн алба хаагчтай болжээ. 2005 оноос эхэлсэн уг ажиллагаанд нийтдээ 2300 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. 2010 онд ажиллагаа дуусгавар болсон.

Чад, Төв африкийн бүгд найрамдах улс дахь энхийг сахиулах ажиллагаа


Чад, Төв африкийн бүгд найрамдах улс дахь НҮБ-ын энхийг сахиулах "MINURCAT" ажиллагаанд манай улсын 800 хүнтэй мотобуудлагын батальон илгээх болсон ч тус улсад үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж уг ажиллагаа 2010 онд хаагдсан билээ. Түр ажиллагаанд 2009 оноос эхлэн 528 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.

Судан улсын Дарфур муж дахь энхийг сахиулах ажиллагаа


Судан Улсын Дарфур мужид зохиож буй НҮБ-ын энхийг дэмжих. "UNAMID" ажиллагаанд манай улсын зэвсэгт хүчнээс цэргийн эмнэлгийн 68 цэргийн алба хаагчийг 2010 оны 12 дугаар сараас оролцуулж эхлэв. Тус эмнэлгийн багийн гүйцэтгэх үүрэг НҮБ-ын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх зорилготой. Эмнэлгийн үйлчилгээнээс гадна өөрсдийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байрны барилга, инженерийн ажлуудыг давхар гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 68 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн ажиллагааны оронд үүргээ гүйцэтгэж байна.

"Иракийн эрх чөлөө" олон улсын цэргийн ажиллагаа

Монголын анхны цэргийн багийн Олон үндэстний төвийн өмнөд дивизийн бүрэлдэхүүнд, 2003-2006 он хүртэл Ал-Хиллах хотод "Чарли" баазын аюулгүй байдлыг хангах үүргийг, 2006-2008 он хүртэл эвслийн хүчний "'ЭКО" баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг гүйцэтгэжээ. 2008 онд тус ажиллагаа дуусгавар болсон бөгөөд нийтдээ 1194 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.

Афганистан улс дахь цэргийн ажиллагаа


"Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах яам Монголын Батлан хамгаалах яаманд Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг 2003 онд ирүүлсэн билээ. Хүсэлтийн дагуу Афганистаны Үндэсний apмийн артиллерийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, эвдрэлтэй байгаа их буунуудад нь засвар үйлчилгээ хийх үүрэг бүхий сургалтын хөдөлгөөнт багийг томилон ажиллуулах болов.Энэ хугацаанд 12 ээлжээр 241 цэргийн алба хаагч томилогдон үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 24 хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэж байна.

АНУ-ын Засгийн газраас 2009 оны зургадугаар сард Афганистанд зохиож буй АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний "Тогтвортой эрх чөлөө" цэргийн ажиллагаанд Монголын зэвсэгт хүчнээс цэргийн хүч нийлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 120 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цэргийн багийг оролцуулах шийдвэр гаргасан юм.2009 оноос Афганистан Улсын Кабул хотод байрлах эвслийн хүчний "Эггэрс" цэргийн баазын харуул, хамгаалалтын үүргийг гүйцэтгэж эхэлснээс хойш 496 цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 126 хүнтэй цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.2009 онд Афганистан Улсад явуулж буй НАТО-гийн "Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин"-ий ажиллагаанд мотобуудлагын салааны хэмжээний цэргийн хүч нийлүүлэх хүсэлтийг ХБНГУ-аас ирүүлсний дагуу 40 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа ХБНГУ-ын "Фейзабад" цэргийн бааз, нисэх онгоцны буудлын харуул, хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн.Цэргийн хамгаалалтын салааны дөрвөн ээлжинд нийт 160 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд өдгөө 154 хүний бүрэлдэхүүнтэй эргүүл хамгаалалтын ротынхон тус оронд үүрэг гүйцэтгэж байна. Энэ мэтчилэн Афганистанд олон эрс энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Тэд одоо ч үүргээ гүйцэтгэж байна.

Косово улс дахь нато-ын "KFOR" олон улсын цэргийн ажиллагаа

НАТО-ын цэргийн Косовд явуулсан "KFOR" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний салааны бүрэлдэхүүнтэй цэргийн багийг 2005-2006 онуудад тус бүр нэг удаа илгээж уг олон улсын цэргийн ажиллагаанд оролцуулсан байдаг. Энэ ажиллагаанд нийтдээ 72 офицер, ахлагч оролцож үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнээс хойш Монгол Улс дахин уг ажиллагаанд цэргийн баг илгээгээгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.