Э.Бат-Үүл: Газар өмчлөгчийг сугалаагаар тодруулна
Лхагва гариг бүр Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд Засгийн газрын гишүүд оролцож, иргэдийн асуултад хариулдаг. Энэ удаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож байна.
5-11-11 төвд ирж байгаа санал хүсэлтийн 30-40 хувь нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ханддаг. Тэр дундаа газар өмчлөлийн асуудал давамгайлдаг. Тиймээс газар өмчлөлийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
Э.Бат-Үүл: Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталсан. Ерөнхий төлөвлөгөө батлагдтал газар олгохыг хориглосон байсан. Хотын төвийн 1300 га газарт шинээр газар олгохыг хориглосон байсан. Харин 2013 онд НИТХ-аас 52 байршилд газар өмчлүүлэх НИТХ-аас гаргасан. Энэ дагуу газар өмчлөл эхлэх гэж байна.
6-Газар өмчлөл хэзээнээс эхлэх вэ?
Э.Бат-Үүл: Зургаадугаар сараас эхний ээлжийн газрыг өмчлүүлж эхэлнэ. Иргэдэд хүртээмжтэй байх үүднээс бүртгэлийг онлайнаар явуулна. Бүртгэх онлайн систем бэлэн болсон. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын албанаас эхний ээлжинд онлайнаар өгөх газруудын байрлалыг тогтоож байна. Ингээд энэ сарын 29-нд болох НИТХ-аар оруулж, батлуулна. Тэгээд эхний ээлжинд өмчлүүлэх газруудаа дугаарлана. Нэг дугаартай газар дээр олон иргэн бүртгүүлсэн тохиолдолд сугалаа явуулж, өмчлөгчийг тодруулна.
-Бүртгэлд нийслэлийн бүх иргэн хамрагдах боломжтой юу?
Э.Бат-Үүл: 52 байршилд газар өмчлүүлэх шийдвэр 2013.05.30-нд гарсан. Энэ хугацаанаас өмнө нийслэлийн иргэн болсон хүмүүс газар өмчлөхийн бүртгэлд хамрагдана. Өөрөөр хэлбэл, 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын иргэн болсон хүмүүс одоо явагдах газар өмчлөлд хамрагдахгүй.