Эм импортлох зөвшөөрлийг хүчингүй болгожээ
“Монгол эмимпекс”, “Монос фарм трейд”, “Ган эм”, “Мөнхийн тун”, “Сөүл Сэниорс товер”, “Интернейшнл медикал сентер”, “Мон Со Баян”, “Азифарм”, “Цомбо”, “Гранд Мед”, “Медика Монголиа”, “Омбол” компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт шалгалт хийх явцад Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм импортлох тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасны дагуу дээрх компаниуд эм оруулж ирж байгаа зөрчил илэрчээ.
Импортын зөвшөөрөл олгох тушаал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа учир МХЕГ-аас илгээсэн албан тоотын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал импортын зөвшөөрөл олгосон тушаалаа хүчингүй болгожээ.