С.Бямбацогт: Албаар будилуулахын тулд хоёр сонгуулийг хамт хийнэ гэж зүтгээд байна
2012.04.11

С.Бямбацогт: Албаар будилуулахын тулд хоёр сонгуулийг хамт хийнэ гэж зүтгээд байна

byambatsogt_575_14-2-2










УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн гулсах заалтыг Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал, сонгуулийн тухай хуульд зургаан сараас өмнө гар хүрч болохгүй гэсэн Үндсэн хуулийг зөрчих юм биш үү?

-Үндсэн хуульд зааснаар хууль санаачлах эрх бүхий гурван субьект бий. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн субьектүүд сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах заалтыг хөндөж тавьсангүй. Харин Цэц түүнийг хэлэлцээд, зайлшгүй Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Тиймээс УИХ Цэцийн шийдвэрийг хэлэлцэх ёстой гэж байгаа юм. Хууль санаач^ах эрх бүхий гурван субьект маань өөрсдийн санаачилгаар хуульд гар хүрээгүй гэдэг үүднээс энэ нь Үндсэн хууль зөрчихгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн манаач болсон Цэцийн шийдвэрээр УИХ хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Тиймээс миний хувьд Цэцийн шийдвэрийг хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчинө гэж үзэхгүй.

-Гулсах заалт Үндсэн хууль зөрчсөн гэдгээр байхгүй боллоо гэж бодъё. Тэгсэн ч пропорциональ тойрог дээр нэр дэвшсэн 28 гишүүн намынхаа нэрээр санал аваад гарч ирнэ. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөх хэрэг биш гэж үү?

-Одоо Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчих юм бол шилждэг заалт үндсэндээ байхгүй болоод цэвэр нам дугуйлна. Нөгөө талаар одооны дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаар шийдвэр гаргачих юм бол дахиад л шилждэг, гулсдаг заалт байхгүй болчихно. Энэ тохиолдолд өнөөх л нам дугуйлах асуудал гарч ирнэ. Мэдээж нам дугтуйлах заалт  үлдэхээр Үндсэн хууль зөрчих эсэх асуудлаар иргэд гомдлоо гаргаад, Цэц дахиад шийдэх байх. Тухайн үед Цэц юу гэж шийдэхийг одоо би хэлж мэдэхгүй байна. Яах аргагүй Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гээд биччихсэн байгаа. Миний бодлоор түүнтэй зөрчилдөх асуудал байж магадгүй. Гэхдээ шууд гэдэг нь сонгогч очоод намыг биш хүнийг дугуйлах ёстой гэсэн үг үү, эсвэл өөрийн биеэр тойргийн хороон дээр очиж саналаа өгөхийг хэлэх үү. Үүнийг Цэц л тайлбарлах байх.

-Хэрвээ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авбал эсэргүүцэх хэсэг олон байгаа байх?

-Нэгэнт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол бид хүлээж авахаас өөр аргагүй. Шүүх, Цэц дүгнэлт гаргасан л бол миний хувийн байр суурь ямар байхаас үл шалтгаалаад түүнийг нь иргэн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу биелүүлэхээс өөр аргагүй.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэхээр болсон. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд намууд өмнөх шигээ эсрэг тэсрэг байр суурь баримтлаад багагүй маргалдлаа. Ер нь энэ хуулийн хувь заяа юу болох бол?

-Орон нутгийн сонгуулийг хоёрхон сарын дараа УИХ-ынхтай хамт явуулна гэхэд үнэхээр хүнд. Наад зах нь зургаан сарын өмнө тойрог, хэсгийн хороогоо байгуулсан байх ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг сонгодог. Харин орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тэргүүлэгч, төлөөлөгчдийг сонгодог. Үндсэн хуульдаа ч гэсэн хоёр өөр заалттай. Ийм нөхцөлд хоёр сонгуулийг хамт явуулна гэдэг хууль эрх зүйн хувьд ч бололцоо байхгүй. УИХ-ын сонгуулийн хуулиар мөнгө амладаг, өгдөг, элдэв бэлэг сэлт, эрүүл мэндийн үнэгүй үзлэг, урлаг соёл, шашны арга хэмжээнүүдийг хаачихсан. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуулиар бүгд нээлттэй. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Нөгөө талаар орон нутгийн сонгуулийн санал авах хугацаа 22 цагт дуусах бол УИХ-ынх 20 цаг. Хугацаа богиноссон гэсэн үг. УИХ-ын сонгуулиар нэг сонгогч нэр дэвшигчдээс 1-3 хүнийг л дугуйлдаг. Хэрэв хоёр сонгууль хамт болбол УИХ-ын мандат дээрээ 1-3, аймаг, нийслэл, иргэдийн хурал дээрээ 2-4, сум дүүргийн иргэдийн хурал дээрээ   3-9   хүнийг   дугуйлна. Ингээд бодохоор өмнө нь 1-3 хүн дугуйлдаг байсан бол энэ удаа хамгийн багадаа 9-16 хүний нэр дугуйлах болж байна. Дунджаар санал өгөх хугацаа өмнөхөөсөө арав дахин нэмэгдэхээр байгаа юм. Санал дугуйлах хугацаа арав дахин нэмэгдчихээд байхад авах нь хоёр цагаар богиноссон байна. Бид хэдэн цагт санал хурааж дуусдаг билээ, иргэд зуун хувь саналаа өгч амждаг бил үү. Ингээд бодохоор хоёр сонгуулийг хамт хийснээр өдөртөө санал өгч амжих боломжгүй юм. Хууль эрх зүй, цаг хугацааны хувьд олон зөрчилтэй байхад хоёр сонгуулийг хамт явуулна гээд зүтгээд байгаа хүмүүсийг би зориуд хийж буй үйлдэл гэж харж, ойлгож байна. Сонгуулийг албаар будилуулах, дараа нь үймээн самуун үүсгэх, аль болох шударга болгохгүй байхын тулд хийж байгаа оролдлого.

-Ардчилсан нам Орон нутгийн сонгуулийн тухай хуучин хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар "боломжгүй" гэсэн хариуг өгсөн байгаа. УИХ-аас баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй гэсэн нь хуульд хэр нийцэж байгаа юм бол?

-Хуульд УИХ-ын сонгуулийг СЕХ, Орон нутгийн сонгуулийг орон нутгийн ИТХ зохион байгуулна гээд заачихсан байгаа. Мөн Үндсэн хуульд зааснаар хуулийг хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө Засгийн газар бүрэн хариуцна гэж бий. Гэтэл СЕХ Засгийн газрын байгууллага биш. Орон нутгийн иргэдийн хурлын хувьд Засгийн газрын байгууллага гэж хэлж болно. Гэхдээ л нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шүү дээ. Хуулиудын салаа утгаас болоод бие биенээсээ холдуулж байна. Хоёр сонгуулийг хамт хийх гэхээр СЕХ нь "орон нутгийн сонгууль бидэнд хамаагүй" гээд хэлчихдэг. Харин Засгийн газар нь СЕХ зохион байгуулах ёстой гээд байдаг. Гэтэл Ардчилсан нам Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүл гэнэ. Тэгээд УИХ дээр хэлэлцэх гэхээр Ардчилсан намын бүлэг завсарлага аваад хойш нь чангаагаад суудаг. Эндээс харагдаж байгаа зүйл бол аль болох энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх, бие биенийгээ давж, чадах гэсэн улс төр л яваад байна. Эцсийн эцэст төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож чадахгүй бол ард түмэн л хохирно. Бид намаасаа түрүүлээд төрийн эрх ашгийг бодох ёстой. Засгийн эрх барьж байгаа намыг аль болох муутгаж байвал сөрөг хүчин сайн байдаг мэтээр асуудалд хандмааргүй байна. Өнөөдөр яг л тийм байдлаар хандаад байдаг. Түүнээсээ болоод хоёр сонгуулийг хамт хийх эсэх асуудал шийдэгдэхгүй байна. Хэрэв энэ байдлаас болоод сонгуулийн дараа элдэв үймээн, бослого, самуун гарвал эцсийн хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Бүгдээрээ л надаас болоогүй чамаас болсон, би буруугүй чи буруутай гээд хариуцлага хүлээх хүн олдохгүй болно. Эцсийн эцэст ард түмэн, Монголын төр л хохирч, нөгөө долдугаар сарын 1 шиг болох гээд байна.

-Дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс 3-4 удаа сонгууль хийж байгаа. Тиймээс ядаж УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт хийх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ. Энэ үүднээсээ хоёр сонгуулийг хамт хийхийг зөвтгөж болох юм биш үү?

-Яахав дээ сонгуулийн жил гээд зургадугаар сард УИХ, аравдугаар сард орон нутгийн сонгууль болдог. Дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа. Үүнийг бид ярих ёстой. Гэхдээ цагийг нь тулгачихаад хэрэгжих боломжгүй үед биш, эртнээс ул суурьтай хандаад дараагийн сонгуулийн жил эхлэхээс өмнө шинэ парламент ярих ёстой юм. Тэгэхгүй бол сонгуулийн хамар дээр тулж ирчихээд хамт хийх нь зөв буруу гээд нийгмийг будилуулж, төрийн ажилд гацаа тавих байдлаар хандмааргүй байна. Мэдээж сонгуулиудыг хамт явуулж яагаад болохгүй гэж. УИХ-ын сонгууль нь тусдаа яваад орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль хамт явж болно гэсэн хувилбар байж болно. Эсвэл Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болчихъё л доо. Гэхдээ өнөөдөр хувилбар ярьдаг цаг нь биш. Хэрэв ярих байсан бол 2009, 2010 онд ярих байсан юм. Сонгууль болоход хоёрхон сар дутуу байхад хоёр сонгуулийг хамт явуулах нь зөв, буруу гэж маргаж суухын оронд яаж амжилттай шударга явуулах вэ гэдэгт анхаарах ёстой. Таван литрийн саван дотор арван литрийн сүү хийх гээд багтахгүй биз дээ. Түүнтэй адил цаг нь богиноссон байхад санал дугуйлах хугацаа нь арав дахин нэмэгдчихсэн байна шүү дээ. Хугацаандаа багтахгүй байхад орон нутаг, УИХ-ын сонгуулийг хамт явуулна гээд зүтгээд байгаа нь буруу. Өмнөх сонгуулиудаар ч гэсэн санал авах цаг дуусчихсан байхад "би саналаа өгнө" гээд сонгогчид хашгичаад зогсдог байсан. Сонгох эрхээ эдэлж чадаагүй иргэд "би саналаа өгөөгүй, миний эрхийг зориуд хаалаа" гээд гомдоно, босно. Түүнийг нь далимдуулаад ялагдсан хүмүүс бөөн улс төр болгоод долдугаар сарын 1-ний хэрэг дахиад давтагдана биз дээ. Гэтэл яагаад зориуд ийм зүйл рүү түлхээд байгаа юм бэ. Нүүрэн дээрээ өөр зүйл хэлж байгаа ч үдэн төрх нь ийм л харагдаад байна. Тиймээс бид нэлээн сайн ярих ёстой.

-МАН-ын Бага хурал удахгүй болох мэдээлэл байсан. Энэ хурлаар сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах уу?

-Бага хурлаараа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө ярилцаж батална. Мөн сонгуульд нэр дэвшигчид ч яригдах байх. Энэ сарын сүүлээр Бага хурал болж магадгүй.

-Танай нам сонгуульд нэр дэвших хүмүүстээ ямар нэгэн босго тогтоох уу?

-Манайд тийм зүйл байхгүй. Ардчилсан нам л нэг нэр дэвшигчээс 50 сая төгрөг авсан гэж дуулдсан.

-Гэхдээ л сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс намынхаа сонгуулийн штабт дэмжлэг үзүүлдэг биз дээ. Үүнд хэдий хэрийн мөнгө зарцуулдаг юм бол?

-Мэдээж намаас нэр дэвшиж байгаа юм чинь хүн хүч дайчилж, хөрөнгө мөнгө гаргаж таарна. Огт мөнгө гаргахгүй, намынхаа гишүүд дэмжигчтэй хамтарч ажиллалгүй сонгогдчихдог хүн байхгүй. Тийм болохоор түүндээ тохирсон хөрөнгийг зарцуулж таарна. Яг хэдий хэрийн мөнгө гаргах нь тухайн нэр дэвшигч, тойргоос нь л хамаарна. Тогтчихсон зүйл байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүний үүргээ өнгөрсөн хугацаанд хэр биелүүлэв гэдгээс шалтгаалаад нэр дэвшигчдийн зарцуулах мөнгө гарна. Түүнээс биш их мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болно гэж байхгүй. Нөгөө тайван цагт хөлс их гарах юм бол байлдааны үед цус бага гарна гэдэг үг байдаг шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан Б.Энхжаргал

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.