Х.Бат-Ялалт: Төрийн албан хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулна
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2013.12.11

Х.Бат-Ялалт: Төрийн албан хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулна

Өчигдөр Засгийн газрын 11 дүгээр байранд “Төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэргийн хүний эрхийн зөрчил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлгийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-гаас санаачлан явуулж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг тус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтаас тодрууллаа.

-Танай байгууллагын зүгээс төрийн албан хаагчийн үйлддэг гэмт хэргүүдтэй тэмцэж, энэ талаар өнгөрсөн найман жилийн турш дуу хоолойгоо хүргэж ирсэн. Харин өнөөдөр хэлэлцүүлэг ямар ач холбогдолтой юм бэ?

Төрийн албан хаагчийн гэмт хэрэг нь маш ноцтой зүйл. Яагаад гэхээр төрийн албан хаагч нэгдүгээрт тангараг өргөдөг, хоёрдугаарт өөрийн хүсэлтээр ажлаа хийдэг учир өөрийн хувийн эрх ашгийг хойш нь тавьж, нийтийн эрх ашгийг түрүүнд тавих ёстой. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг хүнийг төрийн албан хаагч гэж ойлгодог.

Харамсалтай нь энэ ойлголт манайд эсрэгээрээ болчихсон. Хувийн ажлаа хөөцөлдөж, эрх мэдлээ өөрийн ажлыг амжуулах хэрэгсэл болгон хувиргасан.

-Төрийн албан хаагчийн гэмт хэрэг гэж яг юуг хэлээд байна вэ. Чухам ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлддэг юм бол?

Хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг ашигладаггүйн дээр бусдыг айлган сүрдүүлж, эрх мэдлээрээ далайлгах явдал их байна.  

Өнөөгийн төрийн албан хаагчид энгийн нэг худалдаачин шиг авирлаж, олгогдсон эрхээ хэрхэн ашиглах тал дээр бие биентэйгээ уралдах болж.

http://video.news.mn/video/11827.shtml-ээс видео мэдээллийг үзэх боломжтой.

Төр нийгмийг бүхэлд нь зохицуулах ёстой байтал төрийн албан хаагчид нь өөрсдөө ийм явцуу ажиллахаар яаж монгол улс хөгжих вэ.

Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн эрхийг барих сонирхолтой улс төрийн намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүд нь дандаа л ариун төр, авилгалгүй төр, тунгалаг төр гэх мэтчилэн уриалан лоозонддог. Гэтэл төрийн эрхэнд гарсан хойноо тунгалаг төрөө мартаж, төсвийн хулгай, луйварт суралцаж байна.

-Энэ хэлэлцүүлэгт төр болон төрийн бус байгууллагын олон төлөөлөл иржээ. Та хэлэлцүүлгээс ямар үр дүн гараасай гэж хүсч байна вэ?

Манай улсад маш олон үндэсний хөтөлбөрүүд байдаг ч төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэгтэй тэмцэх бодлого байхгүй.

Иргэний нийгмийн байгууллагууд шинэ засгийн газрыг хэрхэн ажиллахыг энэ хугацаанд ажиглалаа. Тунгалаг төрийг бий болгохыг нь хүлээлээ. Харамсалтай нь төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам болон тэдний мэдэгдлүүдээс үзэхэд төрийн албан хаагчид хүлээлгэдэг хариуцлагын арга хэмжээг улам багасгачихлаа.

Тэмцэхийн оронд улам хамгаалах тал руугаа орчихлоо

Тангаргаасаа урваж, төсвөөс луйвар хийсэн төрийн албан хаагчидтай хатуу бодлогоор тэмцэхийн оронд улам хамгаалах тал руугаа орчихлоо.

Төрөөс төрсөн тэрбумтнууд, үндэслэлгүй хөлжсөн хурандаанууд гэсэн нэр томьёо сонгуулийн өмнө их дуулддаг ч өнөөдөр нөгөө хүмүүс нь ажлаасаа чөлөөлөгдөх дайны л хариуцлага хүлээж, өөр нэг албан тушаалд томилогдож байна.

Түүнчлэн төрийн албан тушаалтнууд нийгэмд ташаа мэдээллийг цацаж, эргэлзээ төрүүлж байгаа учраас иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо гаргаж, төрийн албан хаагчийн үйлддэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг санаачилж, тус хэлэлцүүлгээс ажлын хэсгийг гаргана.

-Үндэсний хөтөлбөрийг гаргаснаар ямар ач холбогдолтой юм бэ. Төрийн албаны зүгээс дэмжиж байгаа юу. Хөтөлбөрт ямар асуудлыг сайн тусгаж өгөх ёстой вэ?

Эхний байдлаар үндэсний хөтөлбөр гаргах санаачилгыг Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудаас дэмжиж буйгаа илэрхийлсэн. Бид үргэлжлүүлэн саналыг нь авсаар байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудаас маш сайн дэмжиж байгаа.

Хөтөлбөрт төрийн албан хаагчдын гэмт хэргийг ангилах, ойлгох асуудал гарна. Одоогийн байдлаар хариуцлагын механизм нь эрүүгийн хууль тогтоомжид зарим хэсэг нь орж, холилдчихсон байгаа юм.  Тиймээс тангараг өргөсөн этгээдүүд тангаргаасаа няцвал хариуцлагыг илүү чанга хүлээлгэх ёстой. Энэ үүднээс хариуцлагыг хуульчлах шаардлагатай.

Ярилцсанд баярлалаа.