Д.Зоригт: Хөрөнгө оруулах орчин бүрдлээ
УИХ-аас Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг батлаад байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг УИХ-ын төвшинд чамбайруулахад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн гол үүрэгтэй оролцсон юм. Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Зоригттой Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд ямар зохицуулалтууд тусгасан талаар тодрууллаа.
-Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд суулгасан гол зохицуулалт юу вэ?
-Монгол Улс 20 жилийн өмнө Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж байсан бол өчигдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа. Энэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр татварын тогтвортой орчны баталгааг олгох болж байна. Хөрөнгө оруулагчид татварын орчин тогтвортой байхыг чухалчилдаг.
Тэр утгаараа гол дөрвөн төрлийн татварыг 5-15 жилээр тогтворжуулъя, мөн энэ хуулиар татварын болон татварын бусад дэмжлэгүүд байж болно гэж зааж өгсөн. Энэ нь бүс нутагтаа хөрөнгө оруулалтыг бусад улс орнуудаас өрсөлдөж татах, Монгол Улсын цаашдын хөгжилд чухал шаардлагатай салбар болох эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, хөдөө аж ахуй, түүн дотроо экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг байгуулахад хөшүүрэг болох болов уу. Нөгөө талаас хөрөнгө оруулагчидад эрх зүйн таатай орчин бүрдлээ.
-Хөрөнгө оруулагч дөрвөн төрлийн татварын тогтвортойн баталгаа авахын тулд 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулах босго тавигдаж байсан. Босго хэвээрээ үлдсэн үү, эсвэл өөрчилсөн үү?
-Босгыг өөрчилсөн, учир нь 15 тэрбум төгрөг жижиг хөрөнгө оруулагчдад хэтэрхий өндөр тусна гэж гишүүд үзсэн. Тийм учраас хөрөнгө оруулалтыг бүсэд хуваагаад Баруун бүсэд хоёр тэрбум төгрөгөөс дээш, зүүн бүсэд гурван тэрбум төгрөгөөс дээш, Хангайн бүсэд дөрөв тэрбумаас, Төвийн бүсэд таван тэрбумаас, Улаанбаатар хотод 10 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл энэ хууль үйлчлээд тогтвортой байдлаа аваад явахаар тусгасан.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан төсөл нэлээн өөрчлөгдсөн, сайжрах тал руугаа өөрчлөлт нэлээн орсон гэж найдаж байна.
-Хуулийн төслийг хэлэлцэх шатанд үндэсний компаниудаа гадаадын хөрөнгө оруулагчаас хамгаалах зохицуулалт тусгаж өгөхгүй бол цохигдоно гэж гишүүд анхааруулж байсан. Энэ заалт туссан уу?
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа
-Хоёр газар суулгасан. Нэгдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулагч нь Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг статусыг авахын тулд өмнө хэрэгжиж байсан хуулиас дөрөв дахин их хөрөнгө оруулалтыг Монголд хийх шаардлагатай болж байгаа. Тодруулбал, хуучин хуулиар гадаадын хөрөнгө оруулагч 25 мянган ам.доллараар гадаадын хөрөнгө оруулагч гэсэн үнэмлэх, Монголд байнга оршин суух олон удаагийн виз авдаг байсныг 100 мянган ам.доллар болгож нэмэгдүүлсэн.
Тэгэхээр Хөрөнгө оруулагч бүр 100 мянган ам.доллар төлөх шаардлагатай болж байгаа. Энэ зохицуулалтаар нийтийн хоолны салбараас эхлүүлээд үсчин, гоо сайхан зэрэг олон жижиг салбарын зах зээлийг хамгаалсан бодлого юм. Аль ч улсад байдаг зохицуулалт хэмээн ойлгож болно.
Хоёрдугаарт, Монголын бизнесийн салбарт гадаадын Засгийн газрын дэмжлэгтэй төрийн өмчит том компани ороод ирвэл тэнцвэргүй бизнесийн өрсөлдөөн бий болохоос сэргийлж уул уурхай, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт зөвшөөрлийн тогтолцоог олгох заалтыг хэвээр үлдээсэн.
Засгийн газраас бүх салбарт зөвшөөрөл олгохоор заасан байсныг бид гурван салбарыг тодорхойлж босго тавьсан. Тухайлбал, дээр дурдсан гурван салбарт гадаадын Засгийн газрын дэмжлэгтэй төрийн өмчит компани 33 хувиас дээш хөрөнгө оруулах бол Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайдаас зөвшөөрөл авна. Энэ зохицуулалт нь мөн л зах зээлээ хамгаалсан бодлого гэж ойлгож болно.
-УИХ дахь МАН-ын бүлгээс Татварын тогтвортой байдлын гэрчилгээ авсан компанид тухайн авсан жилийнх нь хугацаанд шинэ төрлийн татвар ногдуулахгүй байх ёстой гэх зарчмын санал гарсан ч ажлын хэсэг, байнгын хорооны төвшинд дэмжлэг авч чадахгүй унаад л байсан. Юу болсон бэ, чуулганаас дэмжлэг хүлээсэн үү?
Хөрөнгө оруулагч бүр 100 мянган ам.доллар төлөх шаардлагатай болж байгаа.
-Энэ асуудлыг нэлээд ярилцсаны эцэст татварын асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулах боломжгүй юм. Засгийн газраас Татварын багц хуулийн төслийн өргөн мэдүүлнэ. Тэр үед Татварын ерөнхий хуульд тодорхой заалт тусгаж өгөх нь зөв юм гэж үзсэн.
Ер нь бол хөрөнгө оруулагч нарыг болгоомжилдог асуудал яах аргагүй энэ мөн. УИХ-ын нэг гишүүн нь, эсвэл нэлээн хэдэн гишүүн татвартай холбоотой хуулийн төсөл санаачилдаг, түүнийг нь УИХ-аар яаран баталчихдаг буруу жишиг бий. Тийм учраас энэ төрлийн төсөл өргөн мэдүүлбэл, магадгүй УИХ-ын гишүүдийн тодорхой хувийн дэмжлэг хүлээсэн, Засгийн газар дэмжсэн тохиолдолд хэлэлцдэг байх өөрчлөлтийг оруулах хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтыг бүсчилсэнтэй холбоотойгоор Улаанбаатарын бүсэд Налайх, Багануур, Багахангай орж байгаа юм уу, орохгүй байгаа юм уу гээд маргаан дэгдээд байсан. Үүнийг цэгцэлсэн үү?
-Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэг орхигдсон юм байхгүй. Улаанбаатарынхаа бүсэд хамаараад зохицуулагдана.
-Хөрөнгө оруулалтын хэмжээг бүсээр хуваасан нь оновчгүй байна, зайнаас хамааруулж авч үзэх нь илүү нийцнэ гэсэн. Харин энэ хуулийн зохицуулалтаар бүсэд хуваагдчихлаа?
-Улсын хэмжээн дэх 330 гаруй сумыг энэ нь арай аймагтаа ойрхон юм, энэ нь хол юм гээд ялгавартай тогтоох боломжгүй, тэр бүү хэл 21 аймгаа ялгавартай тогтооход ч бэрхтэй байсан учраас бүсээр хуваан тогтоох нь хамгийн оновчтой гэдэгт гишүүдийн олонхи нь санал нэгдсэн. Гэхдээ бас алслагдсан бүсэд хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд татварын тогтвортой орчинд хамрагдах хугацаа нь урт, оруулах хөрөнгийн хэмжээ Улаанбаатар хотынхоос харьцангуй бага гэдэг зарчим хадгалагдсан.
Ингэхгүй бол нийслэлдээ иргэд нь ч төвлөрдөг, хөрөнгө оруулалт нь ч төвлөрдөг болчихвол орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотынхоо их суурьшлыг саармагжуулах бодлого биелэхгүй шүү дээ. Үүнийг цааш үргэлжлүүлэх хоёр дахь хөшүүрэг нь татварын хуулиар илэрнэ. УИХ-ын намрын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэн батлах юм.