Мэргэжилтэй, ажилтай Монгол хүн хэрхэн бэлтгэгдэж байгааг бодитоор харууллаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр”-т оролцлоо.
2013.09.25

Мэргэжилтэй, ажилтай Монгол хүн хэрхэн бэлтгэгдэж байгааг бодитоор харууллаа

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн цөм “Ажилтай, орлоготой Монгол хүн” зорилтын хүрээнд гарааны жил хийсэн шинэчлэл, өрнүүлсэн ажлаа тайлагнах “Хөдөлмөрийн салбарын долоо хоног” үргэлжилж байна.

Ажилгүй иргэдээ хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, үнэ цэнэтэй мэргэжилтэн болгох ажил нэг жилийн хугацаанд ямар үр дүнд хүрснийг өнөөдөр төв талбайд болсон “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр”-өөр нийтэд танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өдөрлөгт зочилж, мэргэжилтэй, ажилтай, орлоготой Монгол хүн хэрхэн бэлтгэгдэж, ямар ур чадвар эзэмшиж, юу бүтээсэнтэй танилцлаа. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7000 шахам иргэнд ажил олгогчдын захиалсан эрэлттэй мэргэжлүүд эзэмшүүлж, ажлын байранд гаргажээ.

Тэд ямар түвшинд бэлтгэгдэн ажлын талбарт очиж буйг бодитоор харуулах, нөгөө талаас суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорьж өрсөлдүүлэхээр “Монгол ур чадвар–Улаанбаатар 2013” тэмцээнийг өдөрлөгийн үеэр Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан юм.

Эксковатороор сүү аягалж, барилгын хана өрж, өндөр даралтын шугам гагнаж буй суралцагчдын ур чадварыг үзэгчид шагшин магтаж байлаа.

Тэмцээнд хот, хөдөөгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 40 төвийн 40 суралцагч оролцож, өрөг, гагнуур, гоо засал, үсчин гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээнийг олон улсын хэмжээнд жишиг болсон “World skills international” уралдааны шалгуураар явуулж байгаа бөгөөд энэ нь Монголд анх удаагийн тохиолдол болохыг зохион байгуулагчид онцоллоо.

Эксковатороор сүү аягалж, барилгын хана өрж, өндөр даралтын шугам гагнаж буй суралцагчдын ур чадварыг үзэгчид шагшин магтаж байлаа. Тэмцээнд түрүүлсэн оюутанд Дэлхийн ур чадварын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрх олгох аж.

Ажлын байр нэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр олгодог жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 32 аж ахуйн нэгж нээлттэй өдөрлөгийн үеэр бүтээгдэхүүнээ дэлгэж, сурталчлан худалдаалж байна.

ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 32 аж ахуйн нэгж нээлттэй өдөрлөгийн үеэр бүтээгдэхүүнээ дэлгэж, сурталчлан худалдаалж байна.

Үйл ажиллагааны чиглэлийн хувьд хүнс, ноос ноолуур, арьс шир, модон эдлэл, хэвлэл, оёдол, тоглоом, гоо сайхан, сав баглаа боодол, барилгын материал, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгчид үзэсгэлэн худалдаанд оролцжээ.

МСҮТ-ийн суралцагчид ур чадвараа харуулсан, зээл авсан үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан олон сонирхолтой шоу үзүүлбэртэй “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр 18 цаг хүртэл Чингисийн талбайд үргэлжилнэ.

Хөдөлмөрийн салбарын долоо хоногийн хүрээнд өнгөрөгч даваа гараг буюу 9-р сарын 23-нд “Ажилтай, орлоготой Монгол хүн” сэдэвт онол практикийн бага хурал хийж, эрдэмтэн судлаачдын саналыг сонссон бол 9-р сарын 27-ны баасан гарагт энэ салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх үндэсний чуулганыг Төрийн ордноо зохион байгуулна.