Ерөнхийлөгчийн урилгаар гадаадын Монгол судлаачид ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2012 онд төрийн айлчлал хийхдээ тус улсын нэг иргэнд, Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд төрийн айлчлал хийхдээ тус улсын гурван иргэнд МУИС-д монгол судлалын чиглэлээр нэг жилсуралцах батламж гардуулсан билээ.
Ерөнхийлөгчийн тэтгэлгийн батламжийг гардан авсан оюутан-судлаачид Монголд хүрэлцэн ирж судалгаа шинжилгээний ажилдаа орж, сургуульдаа сурч эхэллээ.
МУИС болон Шинжлэх Ухааны Академийнхан тэдний сургалт, судалгаа шинжилгээний ажлыг удирдан ажиллана.
Монгол судлалын чиглэлээр суралцах, судалгааны ажил хийх оюутан-судлаач бүрт зориулсан тусгайлсан хөтөлбөрийг МУИС болон Шинжлэх Ухааны Академийнхан боловсруулсан ба тэдний сургалт, судалгаа шинжилгээний ажлыг удирдан ажиллана.
Сүүлийн жилүүдэд гадаад оронд эрчим нь саараад байсан монгол судлалыг идэвхжүүлэх, монгол хэл, уран зохиол, түүх, соёл, угсаатны зүйн чиглэлээр тухайн улсдаа суралцдаг гадаадын оюутан залуусыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг олгодог бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад оронд хийх төрийн болон албан ёсны айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулдаг журамтай юм.