Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Ганболд болон АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбер
2013.09.09

Авлигатай тэмцэхэд хамтран ажиллана

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Ганболд болон АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбер нар авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Өмчийн харилцааны газар болон Ерөнхий төлөвлөгөөний газраас авлига, хүнд суртлаас сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2013 онд батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Нийслэлийн хамгийн их үйлчлүүлэгчтэй дээрх байгууллагуудын авлигатай тэмцэх төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Азийн сан ийнхүү хамтран ажиллаж, мэргэжил, аргазүйн болон бусад дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү хамтын ажиллагааг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсад Засаглал ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Ингэснээр Нийслэл хотын иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, шударга төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг болон хариуцлага хяналтын тогтолцоог бий болгох, улмаар хүнд суртал, сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх юм.

Хотын дарга  “Улаанбаатар хотод хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал бол авилга. Төр захиргааны байгууллага нь өөрөө иргэддээ хүндрэл үүсгэдэг. Нийслэлийн хөгжил дэвшлийн төлөө зүтгэх ёстой төрийн үйлчилгээ үзүүлж буй албан хаагчид хоноцын сэтгэлээр хандах явдал гарч байна.

Үүнтэй тэмцэх үүднээс ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Энэ ажлыг үр дүнтэй, зоримог зохион байгуулж ажиллана. Мөн Нийслэлийн Засаг дарга анх удаа барилга байгууламж барих зөвшөөрөл олгохдоо иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал гомдлыг үндэслэн нээлттэйгээр хэлэлцэн шийдвэрлэж байгаа” гэж хэллээ.