Б.Энхцэцэг: Хуулийн байгууллагынхан хөдөлмөрийн мөлжлөгийн талаар ойлголтгүй байдаг
ТВ-5 телевизийн “Хүний эрхийн тусгал” нэвтрүүлгийн зочноор "Хүний эрх хөгжил төв"-ийн мэргэжилтэн Б.Энхцэцэг оролцож хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн мөлжлөг сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Монголд хөдөлмөрийн мөлжлөг олон хэлбэрээр явагдаж байна. Бодит амьдралд ямар хэлбэрээр яаж бууж байна вэ?
-"Хүний эрх хөгжил төв" нь 2009 оноос хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэгт анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. 2009-2010 онд “Хөдөлмөрийн мөлжлөг монгол улсад” судалгаа хийсэн.
Судалгааны хүрээнд монголд барилгын салбар, зам тээвэр, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, урлаг, соёл спортын салбарт хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдэгдэж байна гэсэн судалгааг хийсэн.
-Нийгэмд буй хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрүүдэд хүлээлгэх хууль эрх зүйн орчин яаж бүрэлдсэн байдаг вэ?
-Хүлээлгэх хуулийн хариуцлага гэвэл “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд хүн худалдаалах гэмт хэрэг дотроо хүнийг мөлжих зорилгоор албадан хөдөлмөрлүүлсэн” гэсэн байдлаар орсон.
Мөлжих зорилгоор албадан хөдөлмөрлүүлсэн, хөдөлмөрийн мөлжлөг хоёрыг хүмүүс хоёр өөр ойлголт гэж ойлгодог. Мөлжих зорилгоор албадан хөдөлмөрлүүлсэний үр дүн нь хөдөлмөрийн мөлжлөг болж байгаа. Үүн дээр анхаарч шийдэх хэрэгтэй.
Гэтэл манайд хөдөлмөрийн мөлжлөг гэж юуг ойлгох талаар хуулийн байгууллагынхан, ажил олгогч нар мэдээлэл байдаггүй. Хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал ерөнхийдөө шинэ төрлийн ойлголт. Үүн дээр хууль эрх зүйн орчин дутмаг, зохицуулалт байдаггүй. Одоо шинэ гэмт хэргийн тухай хуулийн төсөлд энэ талаар орж байгаа.
-Хөдөлмөрийн мөлжлөг нь хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр болсон. Хүн худалдаалах, хөдөлмөрийн мөлжлөгийн хийж буй, өртөж буй хүмүүсийн тоо судалгаа монголд хэр байна вэ?
-Хүн худалдаалах гэмт хэргээр 2000 онд анх хэрэг бүртгэгдэн хуулийн байгууллага авч шалгаснаас хойш одоог хүртэл 67 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас 99 хувь нь зөвхөн бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг байгаа.
Хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр
Тэгэхээр хөдөлмөрийн мөлжлөгийг хуулийн байгууллага авч шалгаагүй гэсэн үг.
Сүүлийн хоёроос гурван жилд хөдөлмөрийн мөлжлөг нь хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр гэдгийг хараад манай байгууллагаас гэхэд таван хэрэг дээр ажиллаж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өргөдөл гаргасан.
Үүнээс гурван хэрэгт нь шалгах ажил хийж, эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн шалтгаанаар буцаасан.
Манай байгууллагын хувьд 2009 оноос хойш хүн худалдаалах 46 хэрэг дээр ажилласан. Үүний 16 нь гадаадад болон дотоодод үйлдэгдсэн хөдөлмөрийн мөлжлөгийн хэргүүд бий.
-Практик дээр хэрэг үүсгэх боломжгүй гэсэн шийдвэр гараад байдаг. Тухайн хуулийн байгууллагууд үндэслэлээ юу гэж тавьдаг вэ?
-Хуулийн байгууллагынхан хөдөлмөрийн мөлжлөгт юуг оруулж үзэх талаар ойлголтгүй байдаг. Зарим байгууллагууд бага хэмжээний цалин хөлс өгсөн байдаг. Гэтэл цалин авсан байна. Энэ ажлыг хийхгүй, орхиж явах боломжтой байсан ч сайн дураараа хийсэн.
Мөлжих зорилгоор албадан хөдөлмөрлүүлсэний үр дүн нь хөдөлмөрийн мөлжлөг болдог.
Тиймд хэрэг биш гэж үздэг. Гэтэл хөдөлмөрлөх эрх гэдэг маань тухайн хүн өөрөө тэр ажлыг сайн дураараа сонгосон эсвэл сайн дураараа хийхийг хүлээн зөвшөөрсөн.
Хийсэн ажлынхаа хөлсөнд амьдралаа тэтгэх хэмжээний цалин хөлс авахаас гадна ажлын байраа чөлөөтэй орхиж явах боломжтой байх ёстой байдаг.
Гэвч тухайн ажилтны хувьд тухайн ажлаа чөлөөтэй сонгоогүй эсвэл тохирох цалин хөлсөө авч чадахгүй, дээрээс нь тухайн ажлын байраа чөлөөтэй орхин явах боломжгүй байдалд хүрсэн байдаг. Үүнд зохицуулалт хийх хууль эрх зүйн орчин манайд бүрдээгүй.