Л.Энх-Амгалан: Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсчихээд байна
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан
2013.06.07

Л.Энх-Амгалан: Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсчихээд байна

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг УИХ саяхан шинэчлэн баталсан. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.

-Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг бат­лан гаргаснаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл жинхэнэ ут­гаараа хөгжих бололцоо нээгдсэн гэж ойлгож болох уу?

-Ямартай ч олон улсын жишигт нийцсэн Үнэт цаасны зах зээлийн хуультай боллоо. Энэ хууль бат­­лагдсанаар нэгдүгээрт үнэт цаас­ны зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг нээж өгч байгаа юм. Хоёрдугаарт, Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгож, тэр компанийнхаа хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах бололцоо нээгдсэн.

Нэг жишээ дурьдахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа га­даадын бирж дээр бүрт­гэлтэй 43 компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 18 их наяд төгрөг байгаа. Гэтэл манай хө­рөнгийн зах зээлийн нийт үнэл­гээ дөнгөж 1.7 их наяд төгрөг байна.

Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгож, тэр компанийнхаа хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах бололцоо нээгдсэн.

Шинэ хуулиар эдгээр 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арил­жаа­лах боломж нээгд­сэнээр бидэнд маш их үр өгөөжтэй болох юм. Түүнээс гадна өөр олон чухал ач холбогдолтой.

Товчхон хэлэхэд энэ хууль батлагд­санаар монголын хө­рөнгө оруулагчид, хад­га­лам­жид мөн­гөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөн­гийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгсөн гэж тодорхойлж болно. Ерөн­хий­дөө манай иргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бо­лолцоо нь үнэт цаасны зах зээл юм.

-Өнөөдөр манай банк, санхүү­гийн салбар аль хэр найдвартай, өдөр тутмын үйл ажиллагаа нь ер нь ямархуу байдалтай байдаг юм бол?

-Манай улсын санхүүгийн сал­барын 96-98 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд до­тоодын нийт бүтээгдэхүүний 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө зөвхөн арилжааны банкуудад эргэлдэж байна. Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөгт хүрсэн.

Тэгвэл банкны салбарын нийт актив 10 их наяд төгрөг байна. Харин хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ маань 1.7 их наяд байгаа гэж түрүүн хэлсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 12 хувь орчим, санхүүгийн салбарын нийт активын 15 хувьд ч хүрэхгүй байгаа нь үнэхээр чамлалттай тоо.

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Түүнд инфляцийг зургаан хувьд хүргэхээр тусгасан байсан. Ингэж огцом буулгах бололцоотой хэрэг үү?

-Түр зуур гал унтраах байдлаар богино хугацаанд инфляцийг шууд багасгах нь ихээхэн уршигтай. Төрийн зүгээс механикаар инф­­ляцийг зохицуулах нь бид өөрс­дийн гараар унах нүхээ ухаж байгаатай л адил хэрэг. Төр өөрөө асар их хэмжээний хөрөнгө гаргаад зах зээлийнхээ жамаар явж байгаа эдийн засгийн бодит салбар руу хөндлөнгөөс оролцож, үнийг зохи­цуулах гэж оролдох нь үндэсний ком­паниудынхаа өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх муу үр дүнтэй.

Энэ онд Засгийн газар, Монгол­банк хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн.

2016 оныг дуустал жил бүр ийм хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, инфляцийг бууруулна гэж тооцоолж байгаа бол маш өндөр өртөгтэй, дээр нь ихээхэн эрсдэлтэй шийдвэр болно.
-Хэдхэн хоногийн өмнө Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль батлагдлаа. Гэтэл сүүлийн үед Монгол Улс олон улсын хар дансанд ороход ойртож байгаа талаар шуугих болсон. Тусгаар тогтносон, ардчилсан улсыг энэ дансанд оруулах хууль эрх зүйн үндэслэл байдаг юм уу?

-Энэ хуулийг хэлэлцэх яв­цад бид­ний огт сонсоогүй олон хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан. Ер нь бол мөнгө угаах, хүн худалдаалах шинжтэй гэмт хэргүүд монголд нэлээн их гарсан юм билээ. Нийгэмд үүссэн томоохон хэргүүд эзэн, холбогдогчгүй үлдэх нь их байгаа. Бид байтугай дэлхий нийт сонсож, мэдсэн мөнгө угаасан томоохон хэрэг бэлээхэн байж л байна.

Ингэхээр ийм төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоох хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсноор энэ хууль бат­лагдан гарлаа. Гэхдээ энэ хуульд зайлшгүй эргэж харууштай зүйл, заалт байгаа. 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ болгоныг нягтлан шалгана гэвэл өнөөдөр Эрээн рүү гарч байгаа захын нэг наймаачныг шалгах хэрэгтэй болно.

Бас нэг сөрөг тал нь банк санхүүгийн салбарт амжилттай нэвтэрсэн картын ашиглалт бага­сан бэлэн мөнгөөр тооцоо хийх нь ихэсч, тэр хэрээр бохир мөнгө буюу далд эдийн засаг сэргэчих вий гэсэн болгоомжлол байгаа юм.

-Өнгөрсөн даваа гарагт бол­сон МАН-ын бүлгийн хурал дээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэх шинж­тэй болчихлоо гэдгийг нэлээн нухацтай ярилцах шиг болно лээ. Үүнээс гарах ямар гарц, арга зам байж болох вэ?

-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажил­ласан. Гол зорилго нь Монгол Улсын эдийн засаг санхүүгийн гадаад, дотоод орчин ямархуу байна, эдийн засгийн хямрал нүүр­лэх бодит аюул байна уу, хэрвээ үүссэн бол энэ хямралыг ямар арга замаар хохирол багатай даван туулах вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршиж байсан.

Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр МАН-ын сануулаад бай­сан эдийн засгийн хямрал боди­тойгоор үүсчихээд байгааг УИХ-д танилцуулсан. Эдийн засгийн өсөлт буурч, экспорт зогсчихлоо. Экспортын орлого маш их буурсан. Энэ нь эргээд төсвийн эх үүсвэр ихээхэн хумигдах нөхцөлийг үүсгээд байгаа.

Оюу толгойгоос эхлээд уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орчихлоо. Таван толгой бүтэн таван сар зогссоны эцэст саяхнаас хөдөлсөн ч маш их өрөнд уначихсан.

Хөрөнгө оруулалтын орчин маш их муудаж байна. Олон компани бизнесээ зогсоогоод монголоос гарч байна. Оюу толгойгоос эхлээд уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орчихлоо. Таван толгой бүтэн таван сар зогссоны эцэст саяхнаас хөдөлсөн ч маш их өрөнд уначихсан. Төмөр зам, Сайншанд гээд том бүтээн байгуулалтын ажлууд өнөөдрийг хүртэл эхлээгүй л байгаа.

Одоо энэ хямралаас яаж хохи­рол багатай гарах вэ гэдэгт л бүгдээрээ нийлээд оюун санаагаа уралдуулах шаардлагатай бол­чихоод байна. Татвар, хөрөнгө оруу­­­лалтынхаа орчинг эн тэр­гүүнд сайж­руулах ёстой. Энэ бүх хүндрэл бэрхшээлээс гарахын тулд давын өмнө УИХ, Засгийн газар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байна.

-Та УИХ-д орж ирээд багагүй хугацаа өнгөрүүллээ. Яг юу хийж амжуулав. Тоймтойгоос нь дурдвал?

-Энэ хугацаанд хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Нэлээн хэдэн хууль батлууллаа. Хамгийн сүүлд л гэхэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль дээр эхнээс нь ажиллаж батлуулсан. Мөн 20-иод жил хэрэгжүүлсэн өмч хувьчлалын асуудлыг эргэж нухацтай авч үзэх цаг нь болсон.

Өнөөдөр хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа 300 гаруй нээлттэй, хувьцаат компанийн нэлээд хэсэг нь үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа. Давын өм­нө эдгээрийг цэвэрлэх ёстой. Хоёр­дугаарт үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид байж гэмээнэ энэ зах зээл ном журмын дагуу оршин тогтнодог. Энэ талаар ихээхэн хөөцөлдөн ажиллаж байна. Саяын хууль батлагдсанаар эрх зүйн орчин нь тодорхой болсон.

Сүүлийн үед газрын харил­цааны тухай, албан бус хөдөл­мөр эрхэлж байгаа малчид, ху­виараа хөдөлмөр эрхлэгчдийн тэт­­гэврийн асуудлыг зохицуулах та­лаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр нэлээн цаг зараад сууж байна.

Ерөнхийдөө өнгөрсөн хуга­цаанд нэлээн үр бүтээлтэй ажил­ласан гэж бодож байгаа шүү.