Д.Дамба: Тавантолгойг Ухаа худагтай харьцуулаад хараарай
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2012.03.05

Д.Дамба: Тавантолгойг Ухаа худагтай харьцуулаад хараарай

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Уул уурхайн салбарын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Уул уурхай, эрдэс баялгийн салбарын томоохон нийлүүлэгч орнуудтай харьцуулахад тийм ч урт хугацаа биш болов уу. Түүхэн талаас нь ярилцвал ямар вэ?

-Монгол Улсын ашигт малтмалын хууль 1913 оноос эхлэлтэй. Олноо өргөгдсөний 3 дугаар он гэж нэрлэдэг байсан. Тухайн үед Богд хаант Монгол Улсын Засгийн газраас “Уул уурхайн тухай дагаж мөрдөх дүрэм” гэдгийг гаргасан байгаа юм. Энэ одоогоор ашигт малтмалын хууль гэсэн үг юм. Түүн дээрээ уул уурхайн ажлыг яаж явуулах вэ гэх асуудлыг бүгдийг нь тодорхой дурдаж заасан байдаг. Жишээ нь, хувийн компани, хувь хүн ажиллаж болно. Тэр байтугай гадаадын иргэн, компани ашигт малтмал олборлож болно.

Гэхдээ төлбөр төлөх заалт гэж байсан. Бидний ярьж байгаа лиценз гээч зүйлийг ч тэр үед бий болгосон байна. Нэршил нь л ондоо болохоос авч үзэж байгаа нь яг л нэг өнцгөөс харсан байгаа юм. Лиценз олгохдоо бүр гурван үе шаттайгаар олгодог байж. Тухайлбал, эхнийх нь уурхайг тэмтэрч үзэх тэмдэгт бичиг. Дараачийнх нь уурхайг эрж хайх тэмдэгт бичиг. Мөн уурхайг нээн ашиглах тэмдэгт бичиг гэж байсан. Энэ гурван янзын бичиг нь тодорхой хугацаатай. Лицензийн төлбөртэй.

-Тэгэхээр 90 жилээс илүү хугацааны тухай ойлголт гарч ирж байна. Тийм үү?

-Ер нь уул уурхайн 90 жил гээд хэвшчихсэн. Тэр нь Налайхад уурхай нээсэн цаг үетэй давхцдагаас биш яг үнэндээ Монгол Улсад уул уурхайн салбар хөгжөөд 100 жил болж байна л даа. Ерөөсөө Налайхын уурхайг улсын болгосныгоо үүсэлтэйгээ холбож тайлбарлаад байна. Энэ бол социалист улс байхын л үзэл баримтлал юм уу даа. Одоо бид тэр ойлголтоосоо болж өгвөл татгалзмаар байгаа юм. Түүхийг яг үнэнээр яривал дээр хэлснээр анхны уул уурхайн дүрэм батлагдаад 100 жил болох гэж байна. 99 жил болж байна гэсэн үг биз дээ.

-Тэгэхээр анхных нь Налайхын уурхай бас л биш болж байгаа юм байна?

Анхных нь “Монголор” гээд олон улсын байгууллага байсан.

-Тэгэлгүй яахав. Анхных нь “Монголор” гээд олон улсын байгууллага байсан. “Монголор” чинь 1910 онд үйл ажиллагаа явуулж байсан гэхээр түүнээс өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Орос, АНУ, Швед зэрэг улсын оролцоотойгоор Сэлэнгэ аймгийн нутагт алт олборлодог компани байсан юм билээ. Ерөнхий захирал нь Грот гээд Швед ноён байсан гэдэг. Хятад ажилчид түлхүү байсан гэсэн. Мэдээж монгол ажилчид ч байсан л даа. Компани албан ёсоор татвар төлж үйл ажиллагаа эхэлсэн цагаас манай улсын Сангийн яамнаас тусгай түшмэл очиж суудаг байсан гэх. Яахав өнөөх татвараа аваад суучихна.

-Уул уурхайн салбар ийм түүх, замналтай юм байна. Харин өнөөдөр бид уул уурхайн салбараас аргамжаатай хөгжих ёстой гэсэн үзэл баримтлалтай байгаа ч тогтолцооны хувьд тогтворгүй байгаа нь үнэн?

-Өнөөдөр Ашигт малтмалын хууль мөрдөгдөж яваа. Энэ хуулийг би хувьдаа муу хууль гэж үздэггүй. Яагаад муу гэж хэлэхгүй гэхээр олон орны уул уурхайн салбарын эрхзүйн орчныг судалж, санаа авч, туршлага хуримтлуулж байж, өөрсдийн уламжлал, түүхэнд холбогдуулан баталж байсан. Харин явцын дунд нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч ирэлгүй яахав.

Ерөнхий зарчим хуулийн концепци, ноён нуруу нь байх ёстой. Бид өөрийн гэсэн хувилбараа гаргаж өгсөн. Мөн Ашигт малтмалын газар, харьяа яам нь энэ хуулийн өөрчлөлтөд бас нэг хувилбар гаргаж өгсөн байх. Мөн зарим уурхайн төлөөллөөс бүрдсэн төрийн бус байгууллагаас мөн тодорхой хувилбар гаргасан. Бүгдийг нь нийлүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр базаад нэгдсэн хууль гаргахаар ажиллаж байгаа. Гэхдээ сонгууль өнгөртөл нам жим байх биз.

-Сонгуулиас өмнө хийх ёстой байсан ямар ажил байв. Тулгамдсан асуудал олон бий биз?
Ойрын үед тулгамдаад байгаа асуудал бол Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг зүйлийг л тодорхойлж, УИХ-аар батлуулмаар байна.

Энэ бол хууль биш. Энэ бол төр ямар бодлого баримтлах вэ гэдгээ баталгаажуулаад гаргачих ёстой зүйл. Тэрний хүрээнд бүх хууль эрхзүйн орчин явж байх ёстой. Ийм бодлогын баримт бичиг байхгүйгээс болж амьдралд хэрэгжихгүй олон янзын ашиг сонирхлын зөрчилтэй хууль санаачилж батлаад байна. Энэ бол үнэхээр салбарын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа. Тийм учраас л төрөөс баримтлах бодлого гэж батлаад бодлогынхоо хүрээнд явах шаардлагатай байна.

-Энэ бодлогын асуудлыг ганцхан танайх л яриад байна уу?

-Аль өмнөх УИХ-ын үед л манайхан боловсруулж өгч байсан. Одоо болтол баталж өгөхгүй л байгаа шүү дээ.

-Уул уурхайн салбар хөгжсөн орнууд ингэж төрөөс баримтлах бодлогоо тодорхойлсон уу?

- Тэгж л таараа шүү дээ. Ийм байж л салбар эмх журамтай явна биз дээ. Үгүй бол манайд байгаа жишээ шиг ойлгомжгүй хууль гарч ирээд аль аль талдаа түвэгтэй байна шүү дээ. Одоо бол манайд уул уурхайн салбар бодлогогүй юм шиг л яваа. Нэг сайн лобби хийсэн нөхөр, холбоо ч юм уу салбарын эрх ашгийг өөрсдийнхөөс доогуурт тавьж байна. Үүний жишээ бол Урт нэртэй хууль, Цөмийн энергийн тухай хууль, 69 хувийн татвартай холбоотой хууль гээд нүдэнд ил байна. Ер нь 2009 онд УИХ хачин хачин хууль их баталсан. Үнэхээр хариуцлагагүй ажилласан даа.

-Манай төрийн бизнес буюу Тавантолгой гадныхны гол шүүмжлэх цэг болчихлоо. Удааширч байна. Зогсонги байна гээд л...

-Уул уурхайн салбар бол цэвэр эдийн засаг, бизнесийн салбар. Төрийн оролцоо хэтийдээд ирэхээр л ийм байдалд хүргэж байгаа юм. Тавантолгой хэзээнээс яригдаж эхэллээ. Гэтэл дөнгөж өнгөрсөн жил л жаахан хөрс хуулалт хийлээ. Харин хажууд нь тэр ордын нэг хэсэг болох Ухаа Худагийн орд дээр “Энержи ресурс”компани үйл ажиллагаа явуулж ямар хурдан ажиллаж байна вэ. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц хүртэл барьчихлаа шүү дээ.