Су.Батболд:Төрийн албаны томилгоонд төрийн албаны зөвлөл хяналт тавьдаг болно
УИХ-ын гишүүн Су.Батболд
2013.01.30

Су.Батболд:Төрийн албаны томилгоонд төрийн албаны зөвлөл хяналт тавьдаг болно

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Су.Батболд нарын гишүүд хуулийн төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьжээ. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. төрийн албаны тухай хуульд чухам ямар өөрчлөлт оруулах гэж буй талаар түүнтэй ярилцлаа.

-Төрийн албаны тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан бэ?

-Монгол Улсад Төрийн албаны тухай хууль өнөөдөр үйлчлэхгүй байна. Эрх баригчид төрийн аль ч байгууллагад ямар ч хүн халаагүй гээд байгаа хэр нь яам, агентлагаас эхлээд. аймгуудын ЗДТГ-т маш олон хүн ажлаасаа халагдсан. Энэ талаар бид УИХ-ын чуулганаар хөндөж тавьсан. Манайх шиг хүн ам цөөтэй, мэргэшсэн боловсон хүчин багатай оронд төрийн албан хаагчдыг үе үе халж солиод байх нь тийм ч оновчтой биш. Өөрөөр хэлбэл, төрийн албаны дархлааг сулруулах сөрөг талтай. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах гэж Төрийн албаны тухай хууль баталж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруул-сан. Харамсалтай нь, энэ хууль 1990 оны эхэн үеийн .байдалдаа эргээд очсон.

Тиймээс бид уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хоёр сарын өмнө хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан. Энэ хуулийн төслийн гол цөм нь төрийн албыг мэргэшсэн, цомхон байлгаж, өнгөрсөн хоёр  жилийн  хугацаанд мөрдөж ирсэн хуулийг улам боловсронгуй болгох юм. Хамгийн гол нь төрийн албыг улс төрөөс ангид, томилгоог улс төрийн намууд хийдэг байдлыг болиулах зорилготой. Өөрөөр хэлбэл, төрийн албанд мерит тогтолцоог нэвтрүүлэх нь юу юунаас илүү чухал байна. Энэ тогтолцоогоор Канад, АНУ зэрэг орон 1800-гаад оноос эхлээд явсан, одоо ямар үлгэр жишээ улс болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэхүү хуулийг УИХ-аар даруйхан батлуулснаар төрийн албыг улс төрөөс ангид болгож чадна.

-Тэгэхээр Төрийн албаны зөвлөл ямар зарчмаар ажиллана гэсэн үг үү?

-Өмнө нь, төрийн албыг төвлөрүүлж томилгоо хийж байна гэж шүүмжилдэг байсан.  Өөрөөр хэлбэл, яам агентлаг болон төрийн удирдах дээд албан тушаалыг хэт төвлөрүүлсэн нь шүүмжлэл дагуулсан. Одоо Яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны ажилтнуудыг Төрийн албаны зөвлөл ганцаараа тОмилдог байдлыг болиулна. Хоёрдугаарт төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчдыг төрийн албан хаагчдаас тусгаарлах хэрэгтэй. Өмнө нь үүнийг бид зааглаж ялгаж чаддаггүй байсан. Энэ нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой байсан юм. Төрийн үйлчилгээний албан хаагчдын нэг хүүхдийн дээд боловсролын сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсныг өөрчилсөн. Учир нь, дээд боловсролын сургалтад тэтгэлэг олгож байгаа  учраас энэ байдлыг зогсоосон.

-Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад улсаас нэг удаа өгдөг тэтгэмжийг бүх мэргэжилд адилхан байна гэж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуульд үүнийг яаж тусгасан байдаг юм бэ?

-Багш, шүүгч гээд бусад албан тушаалтнууд одоогийн мөрдөгдөж буй хуулийн дагуу явж байгаа. Цаашид өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг бүхэлд нь энэ хуулиар зохицуулж өгөх ёстой. Одоогийн хуулинд тухайлбал, Боловсролын тухай хуулийн нэг бүлэгт тэр чигээр нь нийгмийн халамж орсон байдаг. Багш нарыг тэтгэвэртээ гарсны дараа 24-48 сарын цалинг нь урамшуулал хэлбэрээр олгоно гэж заасан. Гэтэл бусад албан хаагчид нь энэ тал дээр орхигдсон байх жишээтэй. Тиймээс цаашид Төрийн албаны тухай хуульд бүх албан хаагчид адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн баримтлал шингээж өгнө. Эмч, шүүх, прокурор, багш гээд бүгд адилхан тэтгэвэрт гарсны дараа 12 сарын тэтгэмж авдаг болно.

-Төрийн албыг нийтийн алба болгоно гэж яриад байгаа. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан зүйл заалт бий юү?

Төрийн албыг энэ нэрээрээ байх ёстой гэж үзэж байгаа. Нийтийн алба гэсэн нэр томъёо Үндсэн хуульд байдаггүй. Энэ хуулийн төсөлд УИХ дахь намын бүлгүүдийн байр суурийг оруулаад парламентаар хэлэлцэх юм.

-Төрийн албыг улстөрөөс ангид байлгана гэж байна. Хуулийн төсөлд чухам яг ямар өөрчлөлт тусгаж байгаа юм бол?

-Өмнө нь төрийн албыг улс төрөөс ангид байлгая гэсэн үүднээс төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн. Харамсалтай нь, энэ байдал амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Түр орлон гүйцэтгэгч , гэдэг орон тоо гаргаж ирсэн. Уг нь үүнийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өвчтэй, эсвэл ажлаасаа чөлөөлөгдсөн үед түр орлон гүйцэтгэгчийг тодорхой хугацаагаар томилдог хуультай. Төрийн албаны зөвлөл томилгоо хийдэг газар болсныг болиулж, уян хатан болгоно. Төрийн захиргааны албаны туслах түшмэлээс яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл томилох, чөлөөлөх асуудлыг энэ хуулиар зохицуулна. Түүнээс биш Засгийн газар, УИХ-ын хуулиар томилдог томилгооны тухай асуудал үүнд хамаарахгүй.

-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулаад томилгоо хийж байгаа. Одоо энэ байдлыг шинэ хуулиар өөрчлөнө гэсэн үг үү?

-Төрийн албаны зөвлөл хяналтын чиг үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, аль нэг яаманд орон тоо гарлаа гэхэд тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалт хийнэ. Тухайлбал, манайх ийм гурван хүн санал болгож байна гэхэд Төрийн албаны зөвлөл түүнд нь аудит хийнэ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны  зөвлөлд төвлөрүүлж хийж байсан томилгоог болиулаад яаманд нь эрхийг нь өгч буй юм Мерит тогтолцоонд суурилсан сонгон шалгаруулалт хийж байгаа эсэхийг Төрийн албаны зөвлөл хянах учиртай. Өмнө нь Монгол Улсын төрийн албаны бүх томилгоог Төрийн албаны зөвлөл хийж байсан юм.