2013.01.10

Хүний эрхийн асуудал өөрөө ардчиллын амин сүнс

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны анхны хуралдаан өнөөдөр болж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХҮЭК-ын илтгэл,  Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийн төсөл, Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн 3 асуудал хэлэлцлээ.

Хүний эрхийн асуудал өөрөө ардчиллын амин сүнс болдгийн дээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тул ХҮЭК-ын 2011 оны илтгэл дээр байнгын хорооны гишүүд удтал тогтож ярилцсан юм.

Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх удаагийн энэхүү илтгэлд нийгэмд тулгамдаж буй, зайлшгүй анхаарвал зохих “Хорих байгууллага ба хүний эрх”, “Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хүний эрх”, “Уул уурхай ба хүний эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зарим асуудал” гэсэн үндсэн 4 асуудлыг дурдаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлүүлэх 6 асуудлаар зөвлөмж хүргүүлээд байгаа талаараа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Уг илтгэлийг Хүний эрхийн дэд хороо өнгөрсөн оны 12 дугаар сарны 26-ны хуралдаанаараа хэлэлцэх явцад ХҮЭК уул уурхайтай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар 2013 оны 12 дахь удаагийн илтгэлдээ нарийвчлан тусгаж УИХ-аар хэлэлцүүлэх тул 11 дэх удаагийн илтгэлд дурдсан “Уул уурхай ба хүний эрх сэдвээр тодорхой шийдвэр гаргахыг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор хорооны гишүүд олон асуулт тавьж, саналаа хэлсний дотор УИХ-ын гишүүн З.Энхболд ХҮЭК-ын илтгэлд Үйлдвэрчний эвлэлийн эрхтэй холбоотой 4 заалт анх удаа оруулсныг тэмдэглээд асуудлыг зөвхөн нэг л байгууллагын хэмжээнд оруулж ирэх нь учир дутагдалтай байгааг шүүмжиллээ. Тэрбээр бас “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудын ажлыг шударгаар үнэлнэ” гэдэг нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулж буй өнөөгийн гэрээнд ҮЭ хөндлөнгөөс оролцож, түүнийг  үгүйсгэж байгааг дурдаад ер нь шударга эсэхийг хэмжих хэмжүүр нь юу болохыг тодруулахыг хүссэн юм.  

Ж.Батзандан гишүүний хувьд “байгуулагдаад удаж байгаа ч хүний эрхийн төлөв байдалд дорвитой өөрчлөлт гараагүй, статистик судалгаа, зөвлөмж гаргаж илтгэл хэлэлцүүлэхээс хэтэрдэггүй” хэмээн ХҮЭК-ын үйл ажиллагааг шүүмжлэхийн зэрэгцээ тус комисс хяналтаа тавин зохих ёсоор ажиллах гэхээр эрх мэдэл нь хүрдэггүй тул үр өгөөжтэй ажиллах эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, комиссын зүгээс ч УИХ-аас гарч буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгч байх хэрэгтэй, ер нь хүний эрхийн зөрчил, авлига үүсэх гол шалтгаан нь албан байгууллагуудын хүний эрхийг зөрчсөн янз бүрийн тогтоол шийдвэр, дотоод журам байдаг бөгөөд ХҮЭК эдгээр баримт бичигт ч дүн шинжилгээ хийж байх нь чухал, ҮЭ-ийн хувьд, чөлөөт зах зээлийн нийгэмд чөлөөт ҮЭ зохицох тул одоогийн монополи ҮЭ-ийг задлах чиглэлээр асуудал боловсруулах нь зүйтэй хэмээн ярьсан юм.  

Энэ өдрийн хуралдаанаар мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналын томьёооллоор хорооны гишүүдийн саналыг хураасны дараа анхны хэлэлцүүлэг хийсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ж.Батзандан гишүүн илтгэхээр болов.  

Эцэст нь Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор байнгын хороонд ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэж, уг хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн  Р.Гончигдорж гишүүнийг тус хэсгийн ахлагчаар томилж, УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.