2012.12.21

МАХН-ынхан биднийг үл хүндэтгэж байна

УИХ-ын гишүүн Д.Батцогтыг "Ярилцах танхим "-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Ардын намынхан танай намынхантай яг ижилхэн байдалд орчихлоо. УИХ-ын гишүүн Ц.Цолмон хэдэн сарын өмнө МҮАН-аас гарч, МАХН-д элсэж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Арвин Ардын намаас гарч Ардчилсан намд элслээ. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ардын намынхан манай намтай ижилхэн байдалд орсон мэт харагдаж байгаа ч Д.Арвин, Ц.Цолмон хоёрын намаа сольсон шалтгаан нь өөр, өөр асуудалд байгаа юм шүү дээ. Д.Арвин гишүүний тухайд надад нэг их хэлээд байх зүйл байхгүй. Учир нь Д.Арвин бол тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон хүн шүү дээ. Тиймээс намаа солих эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир хүний эрхийг хүндэтгэх ёстой. Тойргоос сонгогдсон гишүүн бол өөрийн үзэл бодлоо сонгогчиддоо танилцуулж, дэмжлэг хүлээсний үндсэн дээр УИХ-ын гишүүн болсон хүн. Харин Ц.Цолмон гишүүн бол "Шударга ёс" эвслийн нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон хүн. Өөрөөр хэлбэл, Ц.Цолмон гишүүнийг "МҮАН УИХ-д суудалтай байх ёстой" гэдэг итгэл үнэмшлийнхээ үүднээс намынх нь гишүүд, дэмжигчид санал өгч байж УИХ-ын гишүүн болгосон. Тиймээс энэ бол ялгаатай асуудал гэж үзэж байгаа.

-Тэгвэл Ардын намынхан дээрх үйлдлийг "Ардчилсан намынхны хүний нөөцийн бодлого дутмаг байгаагийн илрэл" гэж дүгнэж байна билээ?

-УИХ дахь улс төрийн намуудын хүчний харьцаа маш ойролцоо байгаа өнөө үед нэг суудал тэдний хувьд маш болчихсон байна. Түүнээс биш Ардчилсан намынхан хүний нөөцгүйдээ   Д.Арвин  гишүүнийг намдаа элсүүлсэн гэж ойлгохгүй байгаа. Тэгээд ч Ардчилсан намынхан Д.Арвин гишүүнийг намдаа элс гэж гуйж, ятгасны үндсэн дээр асуудлыг шийдсэн гэж бодохгүй байна.

-УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Тэр үеэр танай эвслийнхэн Ардын намын бүлэг байгуулах асуудлыг дэмжиж, зүтгүүлж байсан. Ямар учраас тэр вэ. Ардын намынхантай ямар нэгэн яриа, хэлэлцээр хийгээ юу?

-Бидэнд тохиролцоод байх зүйл байхгүй. Ер нь бол Ардын намыг бүлэгтэй болгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн гишүүдийн нэг нь би. Учир нь Монгол Улсын нийт сонгогчдын 3-ны нэг орчмын саналыг авч, УИХ дахь нийт суудлын 3 -ны нэгийг эзэлчихсэн байхад  УИХ-д бүлэггүй байна гэдэг байж болохгүй асуудал. УИХ хүчтэй сөрөг хүчинтэй байсны үндсэн дээр л парламентын ардчилал ёс горимоороо явах ёстой гэж ойлгож байгаа. Энэ ч утгаараа манай эвслийнхэн УИХ-ын чуулганы хуралдааны өмнөхөн хуралдаж, Ардын намыг бүлэгтэй болгох асуудлыг дэмжихээр болсон. Гэхдээ завсарлагыг хугацаатай болгох асуудлыг цаашид   эсэргүүцсэн   хэвээр   байх болно.

-МАХН-ынхан Засгийн газраас гарах  тухай  мэдэгдлийг    гэнэт    хийж, хамтарч засгийн эрх барьж  байгаа намууд болон хамтарч эвсэл байгуулсан танай намынхныг нэлээдгүй сандаргаад амжлаа. Гэтэл Засгийн газраас гарахгүй гэсэн мэдэгдлийг өчигдөрхөн хийлээ. Энэ бүх үйл явцаас үндэслэн та МАХН-ынхныг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би хувьдаа МАХН-ынхныг маш хариуцлагагүй байна гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, бид "Шударга ёс" эвсэл байгуулаад, ард иргэдийнхээ итгэлийг олоод, УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсны үндсэн дээр Засгийн эрхийг хамтарч бариад явж байна. Энэ бүхний үр дүнд Засгийн газар багагүй зүйлийг хийж бүтээсэн.

Саяхан л гэхэд бидэнд мэдэгдэхгүйгээр Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийж биднийг үл хүндэтгэсэн авир гаргасан.

Хийж бүтээх хөрөнгө мөнгөө олж байхад нь Засгийн газрыг ганхуулах хэмжээний үйлдэл хийснийг нь маш хариуцлагагүй алхам гэхээс өөр хэлэх зүйл алга. Гэхдээ манай намынхан "МАХН-ынхан алдаа гаргах эрхтэй. Алдаагаа засах эрх нь ч тэдэнд бий" гэж хэлж байсан. Энэ дагуу МАХН-ынхан маань алдаагаа засаж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Тиймээс цаашид ийм алдааг дахин  бүү давтаасай гэж хүсэж байна.

-Ер нь МҮАН-ынхан МАХН-ын  гаргасан ааш, авир болгоныг тэсч, тэвчих  замаар  ажилладаг  гэсэн. Энэ бүхэн цаашид үргэлжилсээр л байх уу?

-Сая хэлсэн шиг үйл явцыг маш олон зүйлээс ажиглаж болно л доо. МАХН, МҮАН-ынхан эвсэл байгуулж, сонгуульд оролцохдоо МАХН 70, МҮАН 30 хувьд нь нэр дэвшигчдээ дэвшүүлэхээр тохирсон юм. Гэтэл сонгуулийн дараа МАХН, МҮАН-ынхантай ижилхэн тооны суудал авсан. Гэсэн ч харамсалтай, нь аливаа асуудлыг 70 болон 30-ын харьцаатайгаар шийдсээр л байна. Энэ бол шударга бус асуудал мөн. Үүнээс гадна хамтрагч намынхаа гишүүнийг урвуулсан нь ёс зүйгүй асуудал болсон. Саяхан л гэхэд бидэнд мэдэгдэхгүйгээр Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийж биднийг үл хүндэтгэсэн авир гаргасан. МАХН-д олон жил улс төрд нухлагдсан улстөрчид байгаа нь үнэн. Манайх харьцангуй шинэ тутам байгуулагдсан нам хэдий ч манай намынхан зовлонг туучин өөрсдийн үзэл бодлыг ард иргэд, улстөрчдөд ойлгуулж, урт замыг туулсны үндсэн дээр ийм хэмжээний амжилтад хүрсэн гэж бодож байгаа. Энэ ч утгаараа бидний анхны зорилго Засгийн газарт нэг, хоёроор илүү суудал авах байгаагүй. Харин УИХ-д орж, өөрийн намын бодлогыг төрийн бодлогод шингээх байсан. Тиймээс бид аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй хандаж ирсэн. Цаашид ч ийм байна. Гэхдээ энэ бүхнийг маань ард иргэд, улстөрчид маань хэний төлөө хийж байгаа үйлдэл вэ гэдгийг харж, тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгч байгаа байх аа.

-Д.Арвин гишүүнийг Ардчилсан намд элссэнээс эхлэн "Гурван бие даагч, тойргоос сонгогдсон МҮАН-ын хоёр гишүүн үнэд орох нь" гэсэн яриа гараад байгаа. Үнэхээр дээрх тоог Ардчилсан намын гишүүдийн тоотой нэгтгэх юм бол Ардчилсан нам дангаараа Засгийн эрх барих хэмжээнд хүрнэ. Хэрэв Ардчилсан намынхан Г.Уянга гишүүн та хоёрт Ардчилсан намд элсэх санал тавибал хэрхэн хүлээж авах вэ?

-МАХН, Ардын намаас угшилтай. МҮАН, Ардчилсан намаас угщилтай гэдэг  үүднээс улс төрийн хүрээнд нэлээд хардлага газар авч байгаа. Ер нь боломжгүй зүйл гэж хэзээ ч байдаггүй. Гэхдээ би Хувьдаа ийм асуудал болохгүй байгаасай гэж хүсэж байгаа. Манай намынхан энэ дөрвөн жилийн хугацаанд эвслийн бүлгээ тууштай хадгалж, Засгийн газраа тогтвортой хадгалах ёстой гэж бодож байгаа учраас тэр. Гэхдээ биднээс үл шалтгаалах ямар ч зүйл гарч болно шүү дээ.! Тухайлбал, МАХН-ынхан эвсэл задлах алхам хийвэл хүссэн, хүсээгүй "Шударга ёс" эвсэл тарна. Зарим нэг хүн тийм хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр эвслийнхэн маань харилцан ойлголцоод зөвшилцөлд хүрч байгаа учир асуудал арай ч тийм дээрээ тулахгүй байх гэж бодож байна.

-Ингэхэд та Ардын йамын өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ардын намынхан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дандаа л эрх баригч байсан. Эрх баригч байдлаараа асуудалд хандаад сурчихсан учир сөрөг хүчин гэдэг байр суурин дээрээ хэрхэн ажиллах арга ухаанаа нэг их олохгүй байна уу даа гэж харж байгаа. Гэхдээ дөрвөн жил үргэлжлэх УИХ-ын үйл ажилллагаа дөнгөж эхэлж байгаа учир Ардын намын УИХ дахь үйл ажиллагаанд дүгнэлт өгөхөд арай эрт байна. Нөгөөтэйгүүр, энэ намд сөрөг хүчнийх нь ажлыг хийх боломжийг олгох хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол сайн сөрөг хүчин байж чадах болов уу гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин хүчтэй байсны үндсэн дээр олонхийг зөв ажиллуулж, хяналтын механизм зөв тогтно.

-Таныг Монголын махны холбооны тэргүүн болсон гэж сонссон юм байна. Ямар учраас тэр вэ?

-Монголын мах үйлдвэрлэгчид намайг хөдөөнөөс сонгогдсон, малчдын амьдрал ахуйг мэддэг. Ямар нэгэн бизнесгүй учир ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг үүднээс тэргүүнээрээ ажиллуулах саналыг тавьсан юм. Би тэдний саналыг хүлээж авсан. Учир нь төр, хувийн хэвшлийг холбож, мах үйлдвэрлэгчдийн бизнесийг дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь зөв болгоход нь туслахаар шийдсэн юм. Түүнээс биш ямар нэгэн хэргэм, цол дутсандаа энэ саналыг хүлээж авсан юм биш.

-Хөдөө аж ахуйн биржийг байгуулсны дараа иймэрхүү холбоонууд асуудалд орохоор байгаа. тэгэхээр энэ чинь нэг ёсондоо хэдхэн хүний эрх ашгийг хамгаална гэсэн үг биш үү?

-Тийм асуудал байхгүй. Хэдийгээр хөдөө аж ахуйн бирж байгуулсны дараа мах шууд малчдын гарнаас хэрэглэгчдэд хүрнэ гэж байгаа ч энэ дунд маш олон үе шат дамжлага шаардагдах нь гарцаагүй. Тэр бүх дамжлагын асуудлыг Монголын махны холбооныхон хариуцах юм. Нэг талаас энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах боловч нөгөө талаас малчдаа мөнгөжүүлэх, мал маллах сонирхлыг нь нэмэгдүүлэх үүднээс мал аж ахуй хөгжсөн Монгол орныг .хадгалж үлдэх боломжтой юм. Энэ бодлогыг нь л зөв зохицуулах үүднээс энэхүү ажлыг хийхээр болсон.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.