Ойн байцаагч болох мөрөөдөлтэй улстөрч
2012.03.30

Ойн байцаагч болох мөрөөдөлтэй улстөрч

Говийн дархан газрын байцаагч болох мөрөөдөлтэй эрхэм түшээг энэ удаагийн «Өглөөний хүн» булангийнхаа зочноор урилаа. Зочин маань өмнийн говийн унаган хүү УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан юм. 1962 оны дөрөвдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн. Бар жилтэй, үхрийн ордынх. Өмнийн говьд эмээгийнхээ гараар хүмүүжсэн bayarsaikhan_001тэрбээр сарлагийн тугал татаж, хусам идэж өссөн хэмээн ярьдаг юм билээ. Ийнхүү говьд баг насаа үдсэн тэрбээр 1970-1980 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль 1980-1981 онд«ОХУ-ын Эрхүү хотод ПДС ийн бэлтгэл факультет, 1981-1986 онд ОХУ ын Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургууль, 1992 онд БНСУ-д Удирдах ажилтны дээд курсийг төгсөөд, 2001-200, онд МУИС-д эдийн засгийн ухааны магистар хамгаалжээ.

 

Сургуульд орсон цагаасаа эхлэн ангийн дарга хийсэн тэрбээр есдүгээр ангидаа сурагчдын зөвлөлийн дарга болж, «тушаал дэвшиж» байсан гэнэ. Магадгүй энэ нь өдгөө төр түшилцэхэд нөлөөлсөн биз ээ. Эдийн засагч мэргэжилтэй Ц.Баярсайхан гишүүн Өмнөговь аймгийн АДХГЗ-ны Статистикийн хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараасаа эхлэн албан тушаалын шатаар ахин дэвшсээр аймгийн Засаг даргын орлогчийн албыг ч хашаад амжсан. Ингэж л төрийн албаны туршлага суусан Ц.Баярсайхан 1996 онд Ардчилсан холбоо эвслийн нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөх эрх олж авсан гэдэг. Ардчиллын 20 жилээс 12 жилд нь төр түшилцэж яваа түүнд өмнийн говийн иргэд, сонгогчид ч бас ам сайтай байдаг.

 

Ц.Баярсайхан гишүүний гэргий багш мэргэжилтэй, одоогоор хувиараа бизнес эрхэлдэг гэнэ лээ. Тэднийх дөрвөн хүүхэдтэй, хоёр нь тусдаа гараад айл гэр болчихсон, хоёр нь хамт амьдардаг аж. Эрхэм гишүүн хоёр зээ хүүтэй. Залуугаараа өвөө болсон тэрбээр хүүхдүүддээ «Би ач, зээ нараа харахгүй шүү» гэдэг ч зээ нартаа хошуугаа дэвсдэг сайн өвөө гэсэн шүү. Тэдэнтэйгээ уулзахгүй хоёр долоо хоночихоор хармаар, ирүүлмээр санагддаг гэнэ лээ.

 

Хүн зөв бодолтой явбал бүх зүйл аяндаа бүтдэг. Ялангуяа төрд зүтгэж, тодорхой хүмүүсийн итгэл өвөрлөж байгаа хүн шударга, хэлсэндээ хүрдэг байх ёстой гэж үздэг. Ц.Баярсайхан гишүүн ном унших хоббитой, каллиграф, ном цуглуулах дуртай гэсэн. Эрхэм гишүүн 1993 онд «Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан», 1998 онд «Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан», 2000 онд Засгийн газрын «Хүндэт өргөмжлөл», 2000 онд «Байгаль орчны тэргүүний ажилтан», 2003 онд «Аялал жуулчлалын тэргүүний ажилтан», 2006 онд «Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан», 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2006 онд Алтан гадас одон, 2007 онд УИХ-ын «Оны тэргүүний түшээ» өргөмжлөл, 2010 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

П.Буян-Эрдэнэ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.