Улс, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагад элссэний 50 жилийн ойн мэндийг хүргэе
Монголын нийт ард түмэндээ Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагад элссэний 50 жилийн ойн мэндийг хүргэе. 1962 оны 11 дүгээр сарын 1-нд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-д 108 дахь гишүүнээр элсэн орсон билээ.
ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбооны салбарыг зөвхөн энхийн үйлсийн төлөө хөгжүүлж ЮНЕСКО-гийн үзэл санааг тууштай баримталсаар ирлээ.
“Дайн хийх сэдэл хүний бодол санаанд төрдөг учраас хүний сэтгэлд энх тайвны үрийг тарих хэрэгтэй” гэж ЮНЕСКО-гийн Дүрэмд бичсэн байдаг. “Хүний сэтгэл оюунд энх тайвны үрийг тарих” үйлсэд Монголын төр засаг, ард иргэд хэлбэрэлтгүй тууштай зүтгэж, олон улсын хамтын нийгэмлэгт хүндтэй байр суурь эзэлж байна. Дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбараараа дамжуулан хувь нэмрээ оруулж буй нь монгол хүн бүрийн бахархал юм.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, Монгол Улс, ЮНЕСКО-той байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дээрх үзэл санааг хэрэгжүүлэхэд төрийн, төрийн бус байгууллага болон ард иргэдийхээ оролцоог дэмжиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах бололцоо нөхцлийг нь хангасаар ирлээ. Энэ үйл хэрэгт Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд, түмэн олон мэдлэг чадвараа дайчлан ажилласан билээ.
Энэхүү ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадууддаа болон хамтран ажилладаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллага, хувь хүмүүс, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!