2008.10.05

Г.Баярсайхан: Төрийн ордноос хүчилтөрөгч ялгардаг байх хэрэгтэй

УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийг “Өнөөдөр” сонин эл булангаараа танилцуулах болно. Анхны зочноороо бид УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг урилаа.

-Тодорхой шат дамжлагыг давж байж улс төрд орох нь зөв гэсэн бодолтой хүмүүс байдаг. Харин та бүх шатыг алгасаад шууд л УИХ-д нэр дэвшсэн юм аа даа?

-Өмнө нь ямарваа нэгэн сонгуульд нэр дэвшиж байгаагүй л болохоос биш улс төрд цөөнгүй жил явсан гэж өөрийгөө боддог шүү. Хүнээс гуйж, улсаас хулгайлдаггүй болохын тулд амьдрал ахуйгаа өөд нь татах, эрдэм номын ажлаа хийх гээд цөөнгүй жил хөдөлмөрлөсөн. Намаас тавьсан шалгуурыг биелүүлж чадсаны үндсэн дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гэж ойлгодог.

-Та Ардчилсан намд хэзээ элссэн юм бэ?

-Би эхлээд ардчиллын тухай ухагдахууныг хэдийд авснаа хэлье гэж бодож байна. Аав минь хөрс судлаач, академич, доктор Ж.Гарьдхүү гэж хүн бий. 1986 онд аавыг минь “тэрс үзэлтэн” хэмээн Дорнод аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуйд цөлсөн. Орос III сургуульд сурч байсан би хүртэл аав, ээжийгээ дагаад л тэр нутгийг зорьсон. Тэр үед миний балчир оюунд нэг намын дарангуйллыг үзэн ядах сэтгэл төрж байсан юм. Энэ бол ардчиллын тухай миний анхны ойлголт байлаа. Тийм ч учраас би 1990 онд Анагаах ухааны их сургууль дээр Ардчилсан холбооны салбар зөвлөлийг үүсгэн байгуулалцсан. Хэдийгээр 2000 онд энэ намд элссэн ч гэлээ миний улс төрийн амьдрал, ертөнцийг үзэх үзэл наяад онд бий болсон нь харагдаж байгаа биз.

-Таныг Ц.Элбэгдоржийн хүн гэдэг юм билээ. Үүнтэй санал нийлэх үү?

- Би Ц.Элбэгдорж гэдэг хүнийг улс төрчийнх нь байр сууринаас хүндэтгэж явдгаа хаа ч хэлнэ. Яагаад гэвэл хүний хэзээ ч хувирч боломгүй итгэл үнэмшил гэж байх ёстой. Ний нуугүй хэлэхэд бид хоёр үзэл бодлоороо ихэнхдээ нийцдэг юм. Би олон жил бизнес хийсэн. Тийм  ч учраас хэн нэгнээс хараат байхыг, тэр дундаа хэн нэгэн хүнийг аялдан дагалдагч гэж хэлүүлэхийг хүсдэггүй. Надад яагаад үзэл бодлоо хуваалцаж, хүндэтгэдэг хүн байж болохгүй гэж.

-УИХ-ын гишүүдэд намын олонхын шийдвэрийг дагах гэдэг нэг “зовлон” бий. Та ямар нэгэн асуудлаар олонхоос өөр байр суурьтай байгаад үзэл бодлынхоо эсрэг шийдвэр гаргах болбол яах вэ?

- Парламент гэдэг нь сөрөг хүчинтэй байж, олонхоороо шийдэхийг хэлдэг. Би түрүүн итгэл үнэмшлийн тухай ярьсан даа. Зөвийг дэмжиж, бурууг шүүмжлэх нь бидний зорилго. Тиймээс олонхыг дагах үедээ дагана, сөрөх үедээ ч сөрөх болно. Одоо УИХ болон намын бүлэг дотор олонхоороо түрий барин асуудлыг шийддэг бусармаг тогтолцоо бий болоод байна. Сая ноолуурын асуудлыг хэлэлцэхэд ч гэсэн ийм байдлаар хандлаа. Малчдаа харж үзэх, хөдөө аж ахуйгаа дэмжих нь чухал ч  бэлэн мөнгө тарааснаар асуудлыг шийдэхгүй. Инфляци 34 хувь хүрээд байхад бид үрэлгэн зардал гаргаж, зохиомлоор дэвэргэж болохгүй шүү дээ. Үүний оронд 30 тэрбум төгрөгөөр орон нутагт ажлын байр бий болгосон бол жинхэнэ нүдээ олох байлаа. Энэ мэтчилэн хэтэрхий популист амлалтуудаас болж нөхөж баршгүй хорт үр дагаврууд гарч байгааг хаа хаанаа л мэдэж байгаа шүү дээ.

-Хамтарсан Засгийн газар байгуулж, сайдын суудал хуваах үеэр АН дотор дөрвөн фракц. Та аль фракцад нь харьяалагдаж байна?

-Би Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөөх фракцад харьяалагддаг гэж боддог. Сөрөг хүчнийг устгаж, нэгэн хөнжилд орохын эсрэг манай намын 15 гишүүн нэгдсэн. Бид энэ бүлгээ “Эрдэнийн хувь” гэж нэрлээд байгаа.

-Та нар уг нь хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд намынхаа мөрийн хөтөлбөрийн гол заалт болох “Эрдэнийн хувь”-ийг тусгуулахыг зорьсон. Гэвч Лу.Болд, Х.Баттулга хоёрыгоо сайд болгоод л чимээгүй болчихсон. “Эрдэнийн хувь”-ийг мөрийн хөтөлбөрт тусгуулах гэж хүчилсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүнд оролгүй үлдэх нь гэсэн болгоомжлолтой холбоотой түр зуурын хэрэг байсан гэх таамгийг үүгээрээ баталсан юм биш үү?

- Бид ард түмэндээ газрын хэвлийн баялгаас хувь хүртээх асуудлыг ярьсан болохоос бус дарга сайд болохын төлөө гүйгээгүй гэдгийг мэдэх хүн олон байх. Гэтэл 1,5 сая төгрөг олгоод л үлдсэнийг нь олигархиуд халааслах нь байна шүү дээ. Тэгэхлээр таны асуулттай санал нийлэхгүй байна.

-Уг нь тэр 15 хүн “Сайд болохгүй” гэж мэдэгдэж байсан?

-“Эрдэнийн хувь”-ийг гэрээнд тусгах бидний саналыг намын бүлэг сонсолгүйгээр шийдсэн. Бидний 15 хүн сайд болохгүй гэсэн нэгдмэл байр суурь байсан нь үнэн. Гэхдээ бид энэ парламентыг сөрөг хүчинтэй байлгахыг зорьсон учраас “МАХН-ын түрэмгийллийг сааруулъя гэвэл гаднаас нь бас дотроос нь хянах ёстой юм байна” гэдэг шийдэлд хүрсэн. Тийм учраас бидний хоёр нь сайд болсон юм. Үүнд ямар нэгэн хуйвалдаан, шуналыг асуудал байхгүй. Цэвэр сөрөг хүчний гарцыг л хайсан  хэрэг.

- Тэр үеэр танд сайд болох боломж гарсан уу?

- Албан тушаал миний туйлын зорилго биш ээ.

- АН Засгийн газарт орсноор УИХ-д сөрөг хүчин үгүй болсон юм биш үү?

- Манай намын ганц, хоёр фракц цөөн хэдэн хүн Засгийн газарт орсноор парламентыг сөрөг хүчингүй боллоо гэх нь ташаа ойлголт. Эрх мэдэлтнүүд сөрөг хүчингүйгээр адал балмад авирлан, зэрлэг цэнгэлд умбана гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй. Манай нам дотор гүйцэтгэх засаглалд хяналт тавьж чадах бүлэг бий болчхоод байгаа. Хамтраад засгийн эрхийг авч найрлан цэнгэж болдог бол хяналт тавьж яагаад болохгүй гэж. МАХН-д ч гэсэн хамтрахын эсрэг байр суурьтай олон гишүүн байгаа. Тэд зориглон сөрөг хүчний байр суурин дээрээс бидэнтэй эвлэлдэн нэгдэж чадвал албан тушаалын донтонгуудыг хянаад байж дөнгөх болов уу. Сөрөг хүчин гэдэг олон цөөндөө байдаг юм биш. Зөв зүйтэй санал санаачлагуудыг гарган тавьж, болохгүй бүтэхгүй зүйлүүдийг нь уудлан гаргавал хүч багадахгүй.

-“Эрдэнийн хувь” бүлэг одоо байгаа юу?

-Бид долоо хоног бүр уулзаж, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч санал бодлоо солилцож байгаа. Бидний үзэл бодол нэгдмэл хэвээрээ шүү.

-Намын даргаас огцорсныхоо дараа Ц.Элбэгдорж нэг хэсэг ганцаардсан. Тэр үед “Элбэгээ Г.Баярсайхантайгаа үлдлээ” гэж байлаа. Гэтэл та бусад гишүүнийхээ адилаар УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Ц.Элбэгдорж ганцаар үлдсэн. Улс төрд хөтөлсөн хүнээ тийм үед нь яагаад дэмжээгүй юм бэ?

-Чуулган хуралдахын өмнө манай Гүйцэтгэх зөвлөл хуралдаад тангараг өргөх эсэхээ хэлэлцсэн. Тэгэхэд хорь гаруй гишүүн “Тангараг өргөе” гэсэн байр суурин дээр зогсож Ц.Элбэгдорж, Л.Гүндалай, Х.Баттулга бид дөрөв эсэргүүцсэн юм.

-Тийм бол яагаад байр сууриа өөрчлөв?

-Би өөрийн гэсэн үзэл бодолтой бие хүн шүү дээ. Тухайн үед өөрийнхөө үзэл бодлоор олонхынхоо шийдвэрийг дагасан нь Ц.Элбэгдорж гэдэг хүнийг орхисон хэрэг  биш. Бас тэр хүнээс өөр байр суурь гаргаж чаддаг гэдгээ ч харуулсан хэрэг.

-Таныг улс төрд орж, УИХ-ын гишүүн болоход Ц.Элбэгдоржийн нэр хүндийн нөлөө байсныг үгүйсгэхгүй биз дээ?

- Ц.Элбэгдорж гэдэг хүнийг би бүү хэл дэлхий дахин Монголын ардчиллын бэлэг тэмдэг гэдгээр нь мэднэ. Нөлөө байсан уу, гэвэл байсан. Гэхдээ хоёр талтай. Нэг талаар хүчтэй лидерийн сүрд дарагдаж байсан,  нөгөө талаар  энэ хүний илтгэх чадвар, мэдлэг боловсрол, улс төрийн мэдрэмж гээд олон зүйлээс суралцсан.

-Та түүнтэй нэг тойрогт нэр дэвшээгүй бол УИХ-д сонгогдож чадах байсан болов уу?

-Саяхан нэг сурвалжлагч  надаас ярилцлага авахдаа “Ний нуугүй хэлэхэд таныг сонгуульд ялалт байгуулахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байсан” гэсэн.  Их сонин байгаа биз. Ямар ч байсан өнөөдөр би сонгуульд ялалт байгуулаад хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Хувь заяаны тохиолоор ч гэх юм уу, аль эсвэл намын хамт олны шийдвэрээр ч юм уу Ц.Элбэгдорж даргатай нэг тойрогт нэр дэвшсэн. Сонгогчид бидэнд дүнгээ тавьсан. Өөр тойрогт нэр дэвшсэн бол яах байсныг хэлмээргүй байна. Яагаад гэвэл би өөрийгөө басамжлахыг хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм.

- Шинэ гишүүдийг хүмүүс бүрэн таньж амжаагүй байгаа. Улс төрд орчхоод өөрийн байр сууриа олж, олонд танигдах нь тухайн улс төрчийн нэр хүндэд их хэрэгтэй байдаг юм шиг. Тиймээс ч дор бүртээ өөр имиж бүрдүүлдэг. Та ямар имиж бүрдүүлэх гэж байна?

- Би хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноос биш ямарваа нэгэн театрт жүжигчнээр ороогүй. Тэгэхээр надад нэр хүндийн асуудал тийм ч чухал биш.

-Гэхдээ л олонд танигдах хэрэгтэй шүү дээ?

-Сонгуульд оролцохдоо “Би Монголын улс төрд мод тарина” гэсэн уриа дэвшүүлсэн. Байгаль орчин маань бидний нүдэн дээр сүйдэж байна. Энэ УИХ-д байгаль экологийн талаар ярих миний орон зай байсан. Тийм ч учраас би сонгогдсон. Байгаль орчноо хайрлан хамгаалахын тулд хүмүүсийн сэтгэлгээг илааршуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрд экологийн тэнцвэр алдагдчихаад байгаа гэдгийг та зөвшөөрөх үү? Тэгвэл эхлээд энэ тэнцвэрийг хадгалж төр засгаас байгаль ээжийгээ хамгаалах талаар дорвитой ажлуудыг хийдэг болгомоор байна. Саарал ордноос хүчилтөрөгч ялгардаг байх хэрэгтэй.

-Одоо Монголын улс төрд ямар мод ургаж байна вэ. Та хүчилтөрөгч өгөх ямар өөр мод тарихыг зорив?

- Намайг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар сонгосон. Улс төрийг эрүүлжүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг болгох “мод” нь ёс зүй болов уу гэж боддог. Гишүүд ёс зүйтэй байвал улс төр эрүүлжиж чадна. Одоо Ёс зүйн дэд хороогоо өөрийн гэсэн дүрэмтэй болгохыг зорьж байна.

-Ингэхэд та өөрөө хэр ёс зүйтэй хүн бэ?

-Өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй. Гэхдээ хэлсэндээ хүрч чаддаг. Энэ бол ёс зүйн нэг чухал хэм хэмжээ мөн байх.

-Таныг АУИС-ийг төгсөөгүй, хуурамч дипломтой гээд л сонгуулийн үеэр хэсэг шуугьсан. Та энэ сургуулийг төгссөн юм уу?

-Энэ асуултыг сэтгүүлч болгон л тавих боллоо. Сонгуулийн үеэр хамгийн их хараар будуулсан хүн гэвэл намайг хэлэх байх. Анхандаа намайг аравдугаар анги төгсөөгүй гэсэн юм шүү. Сүүлдээ бараг л энэ хүнийг Баярсайхан гэдэггүй, Ангараг гаригаас ирсэн этгээд гэх нь халаг доромжилж байлаа. Би хуурч мэхлэхэд ясны дургүй хүн. Тэгээд ч сонгуульд өрсөлдөж байгаа хүн өөрийгөө унагах хуурамч бичиг баримт бүрдүүлнэ гэж юу байх вэ. Би ямар дипломоо зурагтаар харуулж, духан дээрээ наагаад явалтай биш. Намайг таван байгууллагаас шалгасан. Тухай бүрд нь хууль ёсны бичиг баримтаа үзүүлж, дээрх яриа гүтгэлэг байсан гэдгийг тогтоолгосон. Ер нь санал хураалтын өдөр хүртэл зурагтаар Г.Баярсайханы нэрийг татсан гэдэг мэдээ явуулж байсан. Би 1989 онд Анагаах ухааны их сургуульд элсээд 1997 онд төгссөн. Бидний үед Анагаахын сургуулийн оюутнууд асрагчаас гараагаа эхэлдэг байсан сайхан уламжлал бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.