Харвардын их сургуулийн профессор лекц уншина
2012.03.28

Харвардын их сургуулийн профессор лекц уншина

Харвардын Их сургуулийн профессор Пиппа Норрис “Ардчилсан засаглалыг бэхжүүлэх нь: хөгжил дэвшил, сайн сайхан, амар тайван байдалд үзүүлэх нөлөө” сэдвээр 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 10.00-12.00 цагт ГХЯ-нд лекц уншиж, ярилцлага хийнэ. Лекц яриа түүний саяхан хэвлэлтэд өгсөн “Ардчилсан засаглалыг бэхжүүлэх нь” номондоо дэвшүүлж тавьсан асуудлуудын эргэн тойронд өрнөх юм байна.

Тэрбээр шинээр туурвисан номондоо: Ардчилсан засаглал эдийн засгийн хөгжилд хэрэгтэй юу, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг өгөөжтэй болгох, хүний хөгжлийг түргэтгэхэд тустай юу, Аливаа улс орны дотоод дахь зөрчлийг бууруулахад тустай юу гэсэн асуултуудыг хөндөж тавьжээ. Эдгээр асуулт чухал болохыг хүн бүр ойлгодог, сэдэв тус бүрээр судалгааны олон бүтээл гарсан хэдий ч өнөө хэр нь тэдгээрийг хэрхэн шийдэх тухайд тодорхой зөвшилцөл бий болоогүй бололтой.Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ардчилал, засаглалыг эрхэмлэх зүйл, чухал зорилт болгон өргөн сурталчилдаг билээ.

Гэсэн хэдий ч зарим онолчид түүний үр дагавар болон хөгжлийн чухал зорилтуудыг хангах хамгийн үр нөлөөтэй стратеги байж чадах эсэхэд эргэлзсээр байна. Нэг хэсэг нь хүний хөгжил бол газар зүйн байршил, байгалийн нөөц, хүний капиталын хуримтлал гэх мэт тухайн улс орны суурь нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай бөгөөд үүнд засаглалын хэлбэр өчүүхэн бага нөлөөтэй хэмээн үздэг байна. Нөгөө хэсэг нь нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө удирдлагад хариуцлага хүлээлгэх хэрэгсэл хэмээн үзэж ардчиллыг хөхиүлэн дэмжсээр байна. Хөгжлийг үр дүнд хүргэхэд либерал ардчилал ба төрийн чадавхийн аль алиныг бэхжүүлэх нь чухал болох талаар асуудал дэвшүүлсэн байна.Пиппа Норрисийн лекцийг сонирхвол ГХЯ-ны АОХН-ын Ажлын албаны cd@mfat.gov.mn хаягаар холбоо барьж болно.

Профессор Пиппа Норрисын тухай

Пиппа Норрис нь Харвардад харьцуулсан улс төр судлалыг 20 жил заасан, Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн сургуулийн Төр Засаг судлалын профессор, Австралийн судалгааны зөвлөлийн шагналт, Сиднейн Их сургуулийн Төр засаг, олон улсын харилцааны профессор. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Нью-Йорк дахь төвийн Ардчилсан засаглалын группын захирлаар 2006-07 онд ажилласан.Түүний сүүлийн үеийн шагналуудаас дурдвал: Жохан Скиттийн улс төрийн шинжлэх ухааны шагнал, Австралийн Катлин Фитцпатрикийн шагнал, Их Британийн Улс төрийн шинжлэх ухааны холбооны тусгай хэргэм, Эдинбургийн Их сургуулийн хүндэт профессор цолуудыг 2011 онд авчээ.Пиппа Норрис олон улс орны иргэдийн санаа бодол ба сонгууль, ардчиллын байгууллууд ба соёл, жендэрийн бодлого, улс төрийн харилцааны асуудлыг харьцуулан судалдаг. Одоогоор сонгуулийн шударга байдлыг хангах сорилтууд хэмээх судалгааны томоохон төсөл дээр ажиллаж байна.Нэрт илтгэгч бөгөөд 40 гаруй ном хэвлүүлсний дотор “Ардчиллыг удирдахуй: Эрх мэдэл хуваагч институци үйлчилдэг үү?, Ардчиллын хомсдол” зэрэг номыг нь Кембриджийн Их сургуулийн хэвлэл 2008 ба 2011 онд тус тус эрхлэн гаргажээ. Түүний бүтээлүүд дэлхийн 10 гаруй хэлээр орчуулагджээ.Пиппа Норрис НҮБ, ЮНЕСКО, Ардчиллын үндэсний хүрээлэн, Европын зөвлөл, Ардчилал, сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Европын Аюулгүйн Зөвлөл, Дэлхийн Банк, Их Британийн Сонгуулийн хороо зэрэг олон улсын олон байгууллагад экспертийн зөвлөгөө өгчээ.
Эх сурвалж
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.