УИХ-ын чуулганы 2025/07/04ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025. 06 дугаар дүгнэлт /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг танилцууллаа.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэллээ.
Уг шийдвэрийг хүлээж аваасай гэж хүсэж байна. Анхны хуулийн зорилго нь татвараас зугтаж байгаа иргэдийн татварыг бүрэн авахын тулд үнийн манифуляци хийдгийг зогсоох байсан гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Сангийн сайд, татварын ерөнхий газраас ирүүлсэн тайлбарт өгсөн байдаг. Татвараас зугтаах байдлаар борлуулж байгаа үнээ хоорондоо тохиролцож бууруулдаг байдал байдаг. Үүнийг нуугаад яах вэ. Гэхдээ эргээд бусад шударга борлуулж байгаа шударга иргэдийн эрхэнд халдаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Татвараа зөв, гүйцэт авах нь нэг хэрэг. Нөгөө талаараа иргэд өөрсдийнхөө хөрөнгийг борлуулахдаа заавал өмнө нь худалдаж авсан үнээс нэмж зарах нь хөрөнгийн үнэ цэнэ нь ямар ч асуудлаар буурсан бай үгүйсгэж, эрхэнд халдаж байгаа нь зөрчил юм гэдгийг тогтоосонд баярлалаа. Миний хувьд үүнийг дэмжиж байна. Хүний эрхийг бүрэн хангах ёстой. Тийм учраас УИХ-ын гишүүд хариуцлагатай байж энэ дүгнэлтийг хүлээж аваасай гэж хүсэж байна.