2025.06.25

Т.Доржханд: Гадны хөрөнгө оруулагчдыг манай улсад бизнес эрхлэх ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж өгч байж эдийн засаг тэлж, орлого нэмэгдэнэ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын бизнес эрхлэгчид бизнесээ булаалгадаг, хууль шүүхийн байгууллага дээр очдог, асуудал нь сунжирч, гацдаг, зарим нь шоронд орсон тохиолдол ч бий.

Улсын төсвийн 80 орчим хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас үүдэж Монгол Улс эдийн засгийн уналттай нүүр тулаад буй.

Эдийн засгаа хэрхэн тэлэх вэ?

Эдийн засгаа хэрхэн тэлэх асуудлыг Монгол Улсын бодлого боловсруулах, гүйцэтгэх засаглал, мөн түүнчлэн эдийн засагчид, судлаачид олон талаас нь судалж, гарц шийдлүүдийг хэлэлцсээр байна.  Тэднийг нэг цэгт уяж буй шийдэл нь гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм.

2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028  он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж бий хэмээн Хамтарсан Засгийн газар онцолж байв.

Шадар сайд Т.Доржханд дээрх зорилгод хүргэх чухал алхам нь гадны хөрөнгө оруулагчид, манай улсад бизнес эрхлэхэд таатай орчныг нь бүрдүүлж өгөх юм гэдгийг тодотгов.

Тэрбээр “Мөнгө оруулж ирдэг 3 сувгийн нэгийг нь хаачхаад байгаа. Маш тодорхой хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхийн тулд

-ТОГТВОРТОЙ

-ХАМГААЛАГДСАН байх ёстой.

Хөрөнгөө дээрэмдүүлбэл хэн зорин орж ирж бизнес хийх билээ! Хуулийн хүрээнд маш их түргэвчилсэн шугамаар асуудлыг шийддэг байх, аливаа дарамт шахалтыг хязгаарласан хөнгөн, шуурхай, ээлтэй хууль засагладаг ийм бүтцийг оруулж ирж буйгаараа онцлог юм” гэв.

Шадар сайд Эрчим хүчний реформын ажлын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрт гадны хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, санхүүжилтийг шийдээд байгаа. Энэ Засгийн газрын хугацаанд гэлтгүй 8-10 жилийн хугацаанд тогтвортой явах орчныг бий болгож байна хэмээн хөрөнгө оруулагчидтай уулзаж байгаагаа дурдсан юм.

Энэ агуулгаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулаад байгаа аж.

Уг хуулийн онцлог нь гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулсан хууль байна. Монгол Улсад хөрөнгөө оруулсан л бол хөрөнгө оруулалтыг нь хамгаална. Хуулийг эргэн өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх хуулийн хүрээнд хийсэн гэрээ хэлцлийг өнөөдөр шинээр хууль гаргаад өөрчлөхгүй гэсэн үг. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн бол хуулийн хүрээнд хамгаалагдана, хадгалагдана. Монголын талд алдагдалтай, алдагдалгүй байхаас үл хамаараад хуулийг эргэн өөрчлөхгүй. Бид тохирсон бол уг байр суурин дээрээ хатуу зогсоно. Ийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах замаар дараа дараагийн хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой хуулийн төсөл юм. 

Уг хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой гэдгийг Шадар сайд онцлов.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн