НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2025.06.24

НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссар болон холбогдох байгууллагууд хамтран “Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар оролцож, үг хэлэв. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд хэрхэн оролцож буй, тэр дундаа “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг” (UPR), “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц” (CEDAW)-ийн хэрэгжилтийн талаарх парламентын үүрэг, оролцооны талаар өргөн хүрээнд хэлэлцэв.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл” сэдвээр илтгэл тавьж, 2010 оноос хойших UPR механизмын хүрээнд НҮБ-аас өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт, амжилт, сорилтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 2025 оны 11 дүгээр сард Монгол Улс UPR-ын дөрөв дэх илтгэлээ хэлэлцүүлж, хүний эрхийн олон улсын үүргийн хэрэгжилтийг тайлагнах бэлтгэл ажил ид өрнөж буйг онцолсон юм.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын бүтцэд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилж, эрх зүйн шинэчлэлүүд хийсэн, шүүхийн хараат бус байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, авлигатай тэмцэх талаар хууль эрх зүйн чухал алхмууд хийгдсэн талаар танилцуулга хийгдэв.

Хэлэлцүүлэгт НҮБ болон Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл, гадаад, дотоодын шинжээчид, УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хүний эрхийн илтгэлийг сайжруулах, хяналтын тогтолцоог тэлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн эрхийг хамгаалах чиглэлээр парламентын оролцоог бэхжүүлэх арга замуудыг хэлэлцэж эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын парламент хүний эрхийг дэмжих, хэрэгжилтийг хянах, олон улсын хамтын ажиллагаанд оролцох үүргээ бодитойгоор хэрэгжүүлэх чухал алхам юм.