2025.06.09
Д.Энхтуяа: Манай улсад асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалангийн хамтаар Ардчилсан эмэгтэйчүүддээ өөрсдийн санаачлан ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөх чөлөөт уулзалтыг зохион байгууллаа. Д.Энхтуяа гишүүн ахмад настны амьдралын чанар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрахуй сувилахуйн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, халамж, асаргааны талаарх өөрийн боловсруулж буй хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, өнөөдөр асрамжийн газрыг ердөө л орон гэргүй, асрах хүнгүй, хэцүү амьдралтай хүмүүсийг авчирдаг байх тэр зарчим хуульд хүртэл яг хэвээрээ байгаа. Энэ сэтгэхүйг өөрчилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр асрах, сувилахуй үйлчилгээ хэрэгтэй хүн бүрийг зохих түвшинд нь хангалуун, сайхан байлгадаг, тав тухтай амьдруулдаг асрахуйн үйлчилгээний газруудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Харин асрахуй сувилахуйн үйлчилгээг дан ганц ахмадын асрамжийн газар гэж хязгаарлаж болохгүй, өвчтэй, асрамжид буй хүмүүсийн сувилахуйн шинэ реформ гэж хэлж болно.
Манай улсад асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй байгаа нь үнэн. Эмнэлгүүдэд гэхэд л асрагч гэдэг албан тушаал эрэмбэ, дарааллын хамгийн сүүлд бичигдэж, маш бага цалин хөлс авдаг хүмүүс байдаг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эсрэгээрээ, эмчилдгээсээ илүү асардаг, сувилдаг хүмүүсийн хөдөлмөр өндрөөр үнэлэгддэг. Тэгэхээр энэ талаарх хууль тогтоомжид өөрчлөлт, нэмэлт оруулаад орхих бус, бие даасан хууль батлах.
Сүүлийн 30 жил үндсэндээ ач холбогдол нь бараг байхгүй болчихсон асран сувилахуйн үйлчилгээний үндсэн өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй юм. Үүний тулд тал бүрийн судалгаа, үнэлгээг хийж байна. Мөн бид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэнд өндөр хөгжсөн улс орнуудад асрахуйн үйлчилгээ ямар журмаар явагддаг, яаж санхүүждэг, хяналт, зохицуулалт нь ямар байдаг зэрэг судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Мэргэжлийн яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас бас санал авч байна. Энэ талаар бүрэн эрхийнхээ хугацаанд ярьж, хийж хэрэгжүүлж ажиллахаар зорьж байгаагаа илэрхийллээ.

Сэтгүүлч