Монголын ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг Энэтхэгийн тал хүсэж байна
2010.12.13

Монголын ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг Энэтхэгийн тал хүсэж байна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гэргий М.Долгорсүрэн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн дарга Д.Одбаяр, дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, С.Оюун, Д.Тэрdemberel_r_03бишдагва, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн албан ёсны нарын Бүгд найрамдах Энэтхэг улсад хийж буй  айлчлал Дели хотын төвд орших Махатма Гандигийн дурсгалын цогцолбор Ражгатад хүндэтгэл үзүүлж, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.М.Кришнагийн бараалхалаар эхэлжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын Парламентын дарга болон даргаар ажиллаж байсан гурван улстөрч, таван сайд багтсан нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг албаны хүмүүстэй уулзахдаа УИХ-ын дарга онцлон  тэмдэглэсэн байна.

 

С.М.Кришна хэлэхдээ “Хэдхэн сарын өмнө БНЭУ-ын Парламентын Лок Сабхагийн дарга Мейри Кумар Монгол Улсад айлчилсны дараа богино хугацаанд ийнхүү харилцан айлчилж байгаа нь маш сайшаалтай” гэж онцлоод, улс төр, эдийн засаг, цөмийн энергийг энхийн зорилгод ашиглах, мөн уул уурхайн салбарт хамтран ажиллах сайхан ирээдүй байна” гэлээ. Эл уулзалтын дараа Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч, парламентын Ражья Сабхагийн дарга М.Ансари хүлээн авч уулзсан юм. Спикерүүд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны уламжлалыг дахин тодотгоод, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд  мэргэжлийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэхэд, орчин үеийн техник технологийн өндөр ололтот суралцахад Энэтхэгийн талаас туслах боломжтой гэсэн юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эдгээр боловсролтой оюутнууд хоёр орны ирээдүйн гүүр болно гэдгийг, Энэтхэгийн Парламентаас суралцахын сайн үлгэрийг чухалчлаад ирэх сард Монгол Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулга уулзалтад  ноён М.Ансари, түүний танхимын олон намын төлөөллийг айлчлахыг урьлаа. Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Мотилал Неру, Жавхарлал Неру,Индра Ганди, Ражив Ганди нарын гэр бүлийн үе дамжсан удирдагчдын хөрөг тэргүүтэн Энэтхэгийн үе үеийн удирдагч нарын зурагтай Парламентын төв танхим болон гишүүдийн нь уншлагын танхимтай танилцав. Энэтхэгт өдөрт 3000 гаруй хэвлэл, сонин сэтгүүл хэвлэгддэг бөгөөд эдгээр мэдээллийн тоймыг гишүүдэд багцлан мэдээлэх үүрэгтэй 1000 хүнтэй судалгаа шинжилгээний баг ажилладаг байна. Төлөөлөгчид дараа нь Парламентын сөрөг хүчний удирдагч Сушма Свараж болон Гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзсан юм. Парламентад нь 24 намын төлөөлөл бүхий сөрөг хүчин ажилладаг нь 116 гишүүнтэй байна.

 

Айлчлалын оргил арга хэмжээ нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн дарга, хатагтай Мейра Кумартай уулзаж  хэлэлцээ хийсэн явдал байлаа. Эрхэмсэг хатагтай Мейра Кумар “Танай сайхан оронд хийсэн айлчлал миний өмнө нь хийсэн бүх айлчлалуудын дотроос сэтгэлд хамгийн их хоногшсон нь байлаа. Манай хоёр орны харилцаа 2500 жилийн түүхтэй. Эдүгээ хоёр орны харилцаа улам илүү олон нөхцөлөөр баяжиж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний айлчлал чухал. Үүнд өнгөрөгч жил хийсэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг зүй ёсоор хэлмээр байна. Таны энэхүү төрийн айлчлал мөн энэ хүндэтгэлд тооцогдоно. Танай сайхан орон ардчиллын сайхныг үнэн сэтгэлээсээ дээдэлдэг нь хоёр орны үнэт зүйл юм. Цөмийн энерги, эрүүл мэнд, соёл урлаг, тэтгэлэгт хөтөлбөрийн асуудлаарх Санамж бичигт гарын үсэг зурсан нь найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлсэн. Монгол Улсын ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийхийг Энэтхэгийн тал хүсч байгаа” гэж хэллээ. УИХ-ын даргад БНЭУ-ын  Гангийн үйлдвэрлэлийн сайд Вирбадра Сингх, Атомын энергийн газрын дарга Шрикумар Банержи нар бараалхсан юм.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Агра хот дахь Таж Махаал цогцолборыг үзэж, сонирхоод БНЭУ дахь айлчлалынхаа сүүлийн өдөр Баруун Бенгал мужийн Колката хотод зочиллоо. Тэрээр, тус мужийн Ассемблейн даргатай уулзаж, Энэтхэгийн хамгийн том Гангийн үйлдвэртэй танилцсан. УИХ-ын даргын Энэтхэг дахь айлчлал өндөрлөж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын зүг хөлгийн жолоо заллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.