“Бид эмэгтэйчүүд” чуулган боллоо
2025.05.22

“Бид эмэгтэйчүүд” чуулган боллоо

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр /2025.05.21/ Төрийн ордонд эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. 

Тус чуулга уулзалтад БНСУ, БНХАУ, БНТУ, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Европын холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА, КОЙКА, Фридрих Эберт, Ханнс Зайделийн сан зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Эдгээр Элчин сайд болон олон улсын байгууллагуудыг төлөөлөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар чуулга уулзалтын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, 2021 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хөтөлбөрийн үр дүнд эрх зүйн орчин, тогтолцоог сайжруулахаас гадна хүртээмжтэй соёлыг төлөвшүүлэн, эмэгтэй манлайлагчид хоорондын харилцааг өргөжүүлэх зэргээр бодит ахиц дэвшил гаргасан. Өнөөдөр Монгол Улсын парламент эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдож, 25.4 хувьд хүрсэн байна. Энэ нь БНСУ-аас ч өндөр үзүүлэлт гэдэг нь бахархмаар амжилт хэмээгээд "Бид хамтдаа энэ төлөөллийг бодит нөлөө, утга агуулгатай өөрчлөлт болгон хувиргахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй байна" гэв. Мөн цаашид энэхүү амжилтад тулгуурлан бүсийн болон орон нутгийн эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд төслийн хоёрдугаар шатыг эхлүүлнэ. Энэ удаад орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, бүс нутагт манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн онцоллоо.

Түүний дараа УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, Монголын эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах буюу улс төрийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож ирсэн тухай түүхийн талаар өгүүлээд ардчилсан парламентын хөгжлийн хугацаанд эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль тогтоомж, үр дүнг онцлон танилцуулсан юм. Мөн түүнээс гадна тэрбээр илтгэлдээ өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хийсэн судалгаагаа танилцууллаа.

Тухайлбал, 2024 оны аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хэмжээнд 796 төлөөлөгчөөс 143 нь эмэгтэй буюу 17,9 хувь, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэмжээнд 7235 төлөөлөгчөөс 2069 нь эмэгтэй төлөөлөгч буюу 28.5 хувь агаад дунджаар 27.5 хувь нь юм. 2025 оны байдлаар Дархан-Уул болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар эмэгтэй төлөөлөгчид ажиллаж байгаа бол аймгийн Засаг даргын орлогчоор 3, дүүргийн Засаг даргын орлогчоор 2 эмэгтэй төлөөлөгч тус тус ажиллаж байна. Харин баг, хорооны Засаг даргын хувьд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Тухайлбал 2022 оны байдлаар нийт 205 хорооны Засаг даргын 100 нь эмэгтэй, багийн 1705 Засаг даргын 375 нь эмэгтэйчүүд байна гэх зэрэг тоо баримтыг дэлгэрэнгүй танилцуулаад цаашид анхаарах асуудлыг онцолсон юм.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, гэрлэлт цуцлалт, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлыг анхаарах шаардлагын талаар илтгэлдээ дурдсан юм. Бүс нутгийн ажилгүйдэл, хүний хөгжлийн индекс, ядуурлын түвшин, жендэрийн тэгш бус байдлын индекс зэрэг нийгмийн үзүүлэлтүүдийг 2024 оны жилийн эцсийн дүнг танилцуулсан. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд суурь асуудалтай тэмцэхээс гадна сүүдэрт өртөж буй, өртөх эрсдэлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Үүнд хуран цугласан эмэгтэйчүүд та бидний манлайлал, мэдрэмжтэй бодлого, нам үл харгалзан хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байна гэв.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудыг төлөөлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр, эмэгтэй манлайлагчдын хүчирхэг баг бүрдсэн ч орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тэгш бус байдал байсаар байна. Харин энэ багийг дэмжихийн тулд жендэрийн хэвшмэл ойлголт, бүтцийн саад бэрхшээл, нөөц, боломжийн тэгш бус хүртээмж зэрэг үндсэн шалтгааныг арилгах, улс төрийн хүсэл зориг, урт хугацааны, утга учиртай хамтын ажиллагаагаар бэхжсэн эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, иргэдийн дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, жендэрийн мэдрэмжтэй засаглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, сүлжээгээ бэхжүүлж, манлайлагч болох эмэгтэйчүүдийг дэмжих олон нийтийн дэмжлэгийг бий болгох хэрэгтэй хэмээв.

Чуулга уулзалын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд 21 аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д хамгийн олон сонгогдсон 34 эмэгтэй төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм.