Монгол Улсын Хөгжлийн банк тавдугаар сарын 16-нд УИХ, Засгийн газар, Элчин сайдын яамд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон услын байгууллагуудыг оролцуулсан “Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгууллаа.
Энэ үеэр эрх зүй болон үйл ажиллагаандаа хийж буй цогц шинэчлэлээ форумын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ. УИХ-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Жаргалан болон Р.Сэддорж нар байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан Хөгжлийн банкийг шинэ шатанд гаргах хуулийн төсөл боловсруулсныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хөгжлийн банк бол онцгой байгууллага. Арилжааны банкнуудын санхүүжүүлж чадахгүй байгаа төслүүдийг санхүүжүүлэх зорилготой бөгөөд олон том төслийг хэрэгжүүлсэн. Хөгжлийн банкаар овоглосон маш олон төсөл Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсан байдаг. Харамсалтай нь, үйл ажиллагаа нь зогсонги болсон.
З.Нарантуяа тэргүүтэй удирдлагууд богино хугацаанд хуулийнхаа шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Хөгжлийн банкийг дараагийн шатанд гаргах алхмуудыг хийж буйд баяртай байна. Яагаад гэвэл Хөгжлийн банкны орон зай үгүйлэгдэж байгаа. Гадаад зах зээлээ тэлэх, мөнгө босгох, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх туршлага Хөгжлийн банканд бий” хэмээн онцоллоо.
УИХ-ын чуулганаар 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцэж эхэлсэн. Энэ нь шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент төсвийг бүрэн циклээр нь ярьж байгаа анхны хэлэлцүүлэг болохыг тэрбээр тодотгоод “Хөгжлийн төслөөр ямар төслүүдийг эрэмбэлж, ямар санхүүжилт хэрэгтэй зэрэг чухал шийдвэрийг хамт гаргах юм. Яг энэ цаг үед Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг сонсоод, улмаар эдийн засгийн бодлогуудаа нэгтгээд явахгүй бол сонгуулийн циклээр яривал гуравхан жил байгаа. Гэхдээ гурван жилд юу хийж болдгийг харуулж байсан удаа бий. Тэрийгээ дахин сэргээж харуулмаар байгаа. Хамгийн гол нь хурд, зориг чухал байна. Бодлогын шийдвэрүүдийнхээ ард хамт гарах нь чухал байна” гэлээ.