
А.Ариунзаяа: Зөвхөн татвартай холбож гурил үйлдвэрлэгчийн асуудлыг оруулж ирж байгаа нь буруу
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа гурилын татварын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Талх, гурил, будааны индекс сүүлийн жилд сайн буурсан нь гурилын татварыг тэглэсэнтэй холбоотой. Тариаланчдын тоо буурах асуудал өмнө нь ч гэсэн байсан.
Гурилын татвар тэглэснээс болж үйлдвэрлэгчдийн тоо буурсан юм уу гурилын үйлдвэрлэл буурсан тоо баримт хоорондоо нийцэхгүй.
Гурил үйлдвэрлэлтэй холбоотой сорт, чанар, тариалалт гэх мэт нь тусдаа асуудал. Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байж зөвхөн татвартай холбож гурил үйлдвэрлэгчийн асуудлыг оруулж ирж байгаа нь буруу юм.
Баруун бүс болоод бусад алслагдсан аймгуудад гурилын үнэ ихээр нэмэгдсэн. Улаанбаатар хотод 2 мянга байхад Говь-Алтай аймагт 3600 байгаа хоорондын зөрүү нь үнэхээр буруу юм.
Тиймээс тухайн хилийн орчинд амьдарч байгаа, алслагдсан аймгуудад татваргүй гурил хэрэглэх эрх нь нээлттэй байх ёстой. Ийм учраас магадгүй ахиад оруулж ирж болно. Ахиж оруулж ирэхдээ бүсчилсэн байдлаар ялгамжтай хандаж оруулж ирэх чиглэлийг өгч байгаа.
Гурилын үнэ хөдлөх нь иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг хамгийн гол асуудал мөн. Бидний өрхийн хэрэглээнд гурил хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа. Тиймээс баруун бүс, алслагдсан аймгийн иргэдээ хямд, боломжийн үнэтэй, татваргүй болгосон бодлогоо хэвээр нь үргэлжлүүлэх сонголт хийсэн.