2025.05.01

А.Ариунзаяа: 2019-2023 онд 253 хүүхэд амиа хорлосон байна, туйлын харамсалтай

УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо.

Уг илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

1889 оноос хойш дэлхийн улс орнууд олон улсын хөдөлмөрчдийн өдрийг 5 сарын 1-ндтэмдэглэдэг ийм уламжлал тогтоод байна. Та бүхэндээ Олон улсын хөдөлмөрчдийн өдрийн мэндийг хүргэе ээ. Хөдөлмөр бол хүний эрх юм, хөдөлмөр бол хүний үүрэг ч юм. УИХ-ын гишүүдийн хөдөлмөр гэдэг бол УИХ-ын чуулгандаа суух хөдөлмөрлөх үүргээ хүлээхгүй байгаа, АН-ын гишүүдэд харамсаж байна. Ж.Батсуурь, О.Алтангэрэл, Р.Эрдэнэбүрэн сайд нар сууж байна. Үнэхээрийн хүний эрхийн мэдрэмжтэй байж, үүргээ сайн хүлээж байна. УИХ-ын дарга Амарбаясгалангийн санаачилгаар парламентын 3 төгөлдөршил явагдаж байгаа.

Ахмад настны хөтөлбөрийг бас зарласан. Ахмадын хөдөлмөрлөх эрхийг онцолсон байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн хөдөлмөрийн тухай хуулиар тухайн тэтгэврийн насанд хүрсэн хүний, өөрийнх нь хүсэлтээр нь ажлаас нь чөлөөлнө. Ажил олгогчийн санаачилгаар шахалтаар ажлаас нь чөлөөлж болохгүй гэж заасан байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулиар ч тэр, тодорхой насанд хүрсэн бол, өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгоно гэсэн заалтууд байгаа. Тэгэхээр үүнийг бас ташрамд хэлж 50-аас дээш ажилтантай ААН байгууллагууд өмчийн хэлбэр үл хамааран 2-оос доошгүй хувьд ахмадыг ажиллуулах үүргийг хүлээж байгаа. Ингэж ажиллуулахдаа тэтгэврийн шимтгэлийн 8,5%-ийг ажилтан болон ажил олгогч аль аль нь төлөхгүй байх, ийм зохицуулалтыг хийснийг ,ташрамд хэлье.

Төрөөс ер нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүдийн талаар онцгой анхаардаг. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрсдийгөө хамгаалж чаддаггүй субъектүүд учраас. ХЭҮК-ын даргад талархлаа дэвшүүлмээр байна. Хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд танилцууллаа. Осол гэмтлийн сүүлийн 5 жилийн статистик мэдээллийг ЭМЯ-наас гаргасан. Би энэ номыг маш их хэрэглэж, статистик мэдээллүүдийг харж байгаа. 2019-2023 онд 5 жилийн хугацаанд осол гэмтлийн улмаас, эрүүл мэндийн байгууллагад хандсан 844 мянган хүн байгаа. Үүнээс 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртсөн байна. Энэ дотроо хүчирхийллийн улмаас 2019-2023 онд 0-14 насны 4262 хүүхэд эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Зам тээврийн ослын улмаас энэ 5 жилд 0-14 насны 320 хүүхэд нас барсан байна. Маш харамсалтай. Үүнд, 0-4 насны 140 хүүхэд ,5-9 насны 79 хүүхэд, 10-14 насны 101 хүүхэд.

Амиа хорлолт сүүлийн 5 жилд 5-9 насны 9 хүүхэд 10-14 насны 65 хүүхэд 15-19 насны 179 хүүхэд нийтдээ 253 хүүхэд амиа хорлосон байна. Бид үнэхээр хүүхдээ хамгаалж чаддаггүй. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой 5 сарын 8-нд болно. Хүүхэд хамгаалах үүрэг зөвхөн гэр бүл НХХ-ын яаманд байгаад байдаг асуудал огт биш. Иргэн бүр үүнд анхаарах ёстой, иргэн бүр үүнд хариуцлага хүлээж байх ёстой Зөвхөн 2024 онд шүүх шинжилгээний байгууллагад 908 хүүхэд хандахад, 598 нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа. Цаана нь далд мэдэгдэхгүй байгаа 310, бага насны хүүхдийн хүчирхийлэл маш их байна.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа