
2025.04.28
ОРХОН АЙМАГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ЭНГИЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ШАТААХ БАГА ОВРЫН ЗУУХЫГ НЭВТРҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын Хойд бүсийн өргөтгөсөн анхдугаар хуралдаан энэ сарын 28-ны өдөр Булган аймагт болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.04.27/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Орхон аймгийн байгаль орчны салбарын үйл ажиллагаатай танилцаж байна.
Өнөөдөр /2025.04.27/ С.Одонтуяа сайдад Орхон аймгийн Хог хаягдлын талаар 2021-2024 онуудад хийгдсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр Орхон аймгийн Хот тохижуулалтын газрын дарга Б.Баасансүрэн “Аймгийн хөрөнгө оруулалтаар хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах менежментийг сайжруулах зорилгоор хэд хэдэн ажлыг хийсэн. Үүний нэг нь 2021-2022 онуудад БОАЖЯ-ны санхүүжилтаар хог хаягдлын талбайг хумих, хашаажуулах, мод тарих гэх зэрэг ажлуудыг хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийн ашиглах талбайн хүчин чадал хүрэлцэхгүй болж, ил задгай шаталт үүсэж, байгаль орчин бохирдуулдаг. Иймээс цаашид стандартын шаардлагад нийцсэн ландфилын талбай байгуулах, энгийн болон аюултай хог хаягдлыг шатаах зуух нэвтрүүлэх чиглэлээр судалж хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулж батлуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Энэ үеэр салбарын сайдын зүгээс хог хаягдлын үйлчилгээний хураамжаа шинэчлэх, хогийн цэгийн гүний шаталтын асуудлыг анхааралдаа авах талаар байр сууриа илэрхийлэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn