
Д.Амарбаясгалан: Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсье!
“Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилснийг уламжилж байна.
Нийт иргэд та бүхэндээ “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийн мэнд хүргэж, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсье.
НҮБ 2018 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 21-нийг “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийг болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ онд “Дэлхийн дэвшилд бүтээлч байдлыг ашиглах нь” уриатайгаар тэмдэглэн, бүтээлч байдал, инновацыг дэмжих ядуурал, эдийн засгийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд илүү түлхэц өгч, чухал хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.
Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх зэрэг зарим салбарт бүтээлч байдал, инновацыг дэмжин санаачилгатай ажиллаж байгаагийн нэг илрэл нь санхүүгийн салбар дахь ногоон инновац юм.
Цаашид бид бүх салбарт хүрээгээ тэлж, иргэд бүх нийтээрээ бүтээлч байдлаар өдөр тутмын ажлаас эхлүүлээд үндэсний болон олон улсын хэмжээнд инновац нэвтрүүлэх чадамж бүрэн бий гэдэгт итгэлтэй байна.